“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан
Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад улсын цөлжилттэй тэмцэх гол бүс нутаг болохын хувьд Өвөр Монгол үндэсний Хятадын Зүүн хойд, Төв, Баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийн зургаа дахь шатны цөлжилттэй тэмцэх ажлын 60 хувийг хариуцан гүйцэтгэж байдаг. Өвөр Монголын бүх бүс нутаг өөр өөрийн гэсэн элс, цөлжилтэй тэмцэх шинэ технологи тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь шинжлэх ухаан технологийн үндэслэлтэй мэргэн ухааныг нь харуулсан байна. Өвөр Монголын цөлжилттэй тэмцсэн тоо баримтаас харахад, 30 жилийн хугацаанд Хөвчийн элсэн цөлийн 6000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг ногооруулжээ. Муу-Усын элсэн цөлийн ногооруулалтын түвшин 80 хувьд хүрч, "Хулан-Шарга даага элсэн цөлийн өмнөд захад 400 гаруй километр урт “Экологийн ногоон хана босгожээ.
ӨМӨЗО-ны цөлжилттэй тэмцэх ажилд шинжлэх ухаан технологийг түлхүү ашиглах болсон гэж хэлж болно. Жишээлбэл, мод тарьдаг ухаалаг робот, олон функцтай элс тогтоогч машин зэрэг машин механикийг өргөн хэмжээгээр ашигласнаар элсийг тогтооход чухал ач холбогдол үзүүлсэн байдаг.
Шинжлэх ухаан технологид түшиглэн Өвөр Монголын бүс нутагууддаа элсний хяналт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд шинэ ахиц дэвшил гаргасаар ирсэн. Тунляо хотын шинжлэх ухаан, технологид тулгуурласан элс, цөлжилттэй тэмцэх ажил ихээхэн амжилт олсон. "ӨМӨЗО-ны цөлжилттэй тэмцэх ажлыг сансар, агаар, газраас хянах, үнэлэх гол технологи, жишээ үзүүлэх загвар" төслийг хэрэгжүүлснээр цөлжсөн бүс нутгийн экологийн орчныг бүхэлд нь хянаж, ижил төстэй бүс нутгийн цөлжилтийг "Тунляогийн загвар"-аар засаж байна.
Технологийн шинэчлэлд тулгуурлан Шилийн гол аймаг Хулан-Шарга даага элсэн цөлийг засахад зоригтой алхам хийсэн юм. Нисгэгчгүй төхөөрөмж, ухаалаг машин механик, өвсний үр хөврөлийн нөөцийг судлан хөгжүүлэх зэрэг дэвшилтэт аргууд нь цөлжилттэй тэмцэх загварыг хүний хүчээр засаж байснаас технологид тулгуурласан загвар болгон өөрчлөхөд түлхэц өгсөн. Өмнө нь элсэн шуурганы улмаас үүссэн экологийн асуудлуудтай бүс нь одоо болоход шинжлэх ухаан технологид суурилсан цөлжилттэй тэмцэх бүс нутаг болсон байна.
Ордос хотод мод тарьдаг роботууд өдөр бүр 12 га орчим мод тарьж буй бөгөөд энэ нь хүний хүчээр тарьснаас хэдэн арван дахин өндөр үр ашигтай байгаа бөгөөд зардал нь ч дөнгөж 30 орчим хувийг л эзэлж байна. Үр цацдаг дроны тариалалтын үр ашиг нь хүний хүчээр цацахаас 100 дахин, энгийн механик тариалалтаас 10 дахин өндөр байдаг билээ.
Хэдэн хоногийн өмнө Алшаа Баруун хошуун дахь цөлжилттэй тэмцэх агаарын богино орон зайн төсөл албан ёсоор эхэлсэн байна. Хэдэн арван дрон богино орон зайд нисэн, өндөр давтамжийн чичиргээний хүчин зүйл ба микробын нэмэлтүүдийн дэмжлэгтэйгээр өвсний үрийг элсэнд сайтар суулгасан байна. Энэхүү "агаарын хувьсгал" нь Алшаа аймгийн хүний хөл хүрэхэд хэцүү бүс нутгийн элсний хяналтын асуудлыг шийдсэн.
Шинжлэх ухаан, технологийн үндэслэлтэйгээр цөлжилттэй тэмцэх нь зөвхөн ургамлыг "ногооруулах" үйл ажиллагаа явуулах бус, харин уул ус, гол мөрөн, ой мод, тариалангийн талбай, нуур, бэлчээр, элсэн цөлийн системчилсэн менежментийн үзэл баримтлалын дагуу, ногоон байгууламжийг тогтворжуулан, зөв байршилд мод тарьж, орон нутгийн нөхцөл байдал, цөлжилтийн тогтвортой байдлын зэрэглэлд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх явдал юм. Өвөр Монголчуудын үе үеийн хүчин чармайлтын үр дүнд хүний хүчээр цөлжилттэй тэмцэж байснаас машин механикаар цөлжилттэй тэмцэх болж, туршлагаар цөлжилттэй тэмцэж байснаас шинжлэх ухаанаар цөлжилттэй тэмцэх болсон нь дэлхийн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд Хятадын мэргэн ухааны хувь нэмэр оруулсан юм.
Зохиогч: | МА ЛИНШЯН |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | ӨМӨС |