Цахим спортын ертөнцийг цочроосон шийдвэр ба Senzu-гийн ирээдүй

60

Цахим спортын ертөнцийг цочроосон шийдвэр ба Senzu-гийн ирээдүй

 

Монголын цахим спортын “домог” гэгддэг “MongolZ” баг Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгаж буйгаа зарласан нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал боллоо. Counter-strike тоглоомын дэлхийн аварга гэгддэг Будапештийн мэйжор эхлэхэд ердөө нэг сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед бүрэлдэхүүндээ ийм том өөрчлөлт оруулсан нь цахим спорт сонирхогчдыг талцуулахад хүргэв. Учир  нь “MongolZ”-ынхон энэ улирлын хоёрдугаар хагаст цахим спортын дэлхийн аваргад түрүүлэн, “BLAST bounty” болон “Fis-sure playground-2” тэмцээний финалын шатанд шалгарч, өөрсдийн ур чадвар, чансааг тодоор тамгалсан юм.

Өдгөө 19 настай М.Азбаяр нь “MongolZ” багийн бүрэлдэхүүнд 2023 оны есдүгээр сарын 7-нд нэгдсэн байдаг. Тэрбээр Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээж, сounter-strike багийн спорт болохыг нийтэд таниулсан гол хүн билээ. Иймд эл шийдвэр Senzu-д дэлхийн тавцанд дахин гарах дараагийн том үүд хаалгыг нээж буй тухай цахим спортын шинжээчид онцолжээ. Мөн түүнийг дэлхийн томоохон багууд өөрсдөдөө нэгтгэх нь цаг хугацааны асуудал болоод буй гэнэ. Тэдний үзэж буйгаар Senzu-гийн үнэлгээ ойролцоогоор 2.5 сая ам.доллароос эхлэх магадлалтай аж. Мөн түүний нэрийн стикерийн үнэ 360 хүртэл хувиар огцом өссөн нь тоглогчдын зах зээл дэх түүний бодит үнэлэмж болон ирээдүйн өндөр амжилтыг хүмүүс хэрхэн харж буйн тод илрэл болжээ. Үндсэндээ Senzu цаашид хэний төлөө, хэдэн сая ам.долларын гэрээгээр тоглох вэ гэдэг асуулт дэлхийн цахим спортын ертөнцөд  хүлээлт үүсгээд байна.

“MongolZ”-ынхон болон менежментийн багийнхан эл шийдвэрийг удаан хугацаанд нухацтай хэлэлцэж, олон талын байр суурийг харгалзан үзсэний үндсэнд гаргаснаа тодотгожээ. Харин М.Азбаяр өөрийн цахим хуудсандаа “Энэ бол гэнэтийн шийдвэр биш байсан. Гэрээсээ явж байгаа мэт гунигтай санагдаж байгаа ч бид хамтдаа маш олон сайхан дурсамж бүтээсэн. Хайртай хүмүүстээ хамгийн сайхан зүйлийг хүсье. Биднийг дэмждэг хүмүүсээс уучлал гуйя. Хэрэв та нар надад энэ гайхалтай боломжийг өгөөгүй бол өнөөдрийн би байхгүй. Тиймээс бүх зүйлд баярлалаа, бүх зүйлд уучлаарай” хэмээв.

Тэгвэл HLTV зэрэг гадаадын томоохон цахим хуудсанд тус багийн хамгийн шилдэг, өсөж яваа тоглогч мэйжор тэмцээн эхлэхийн өмнөхөн сэлгээнд суусан нь ур чадвартай бус, хувийн сахилга бат, эсвэл сэтгэл зүйн дарамттай холбоотой байж магадгүй талаар дурджээ.

 

https://www.unuudur.mn/a/278407

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>