Дорнод аймагт малын гоц халдварт цэцэг өвчин тархсан болохыг тогтоогоод байна
Ажлын хэсгийнхэн сэжиг бүхий суурийн хонь 107, хурга 39, ямаа 55, ишиг 20 нийт 221 толгой мэдрэмтгий малд нэг бүрчлэн үзлэг хийхэд ямаа, ишигт шинж тэмдэг илрээгүй аж. Харин 146 хонь, хурганы 88 хувьд нь биеийн халуун 39.5-41С хэм өндөр, суга, цавь, сүүлний нимгэн арьстай хэсэг газраар тууралт цэврүү үүссэн, нүднээс нулимс гоожсон, толгой нь хавагнасан зэрэг шинж тэмдэгтэй байжээ.
Сэжигтэй суурь айлуудаас дээж авч Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан нь урьдчилсан байдлаар батлагдсан байна. Он гарснаас хойш Матад суманд мөн цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэмтэй байсныг энэ сарын 6-нд цуцласан билээ. Одоогоор Баянтүмэн сумын 3-р багийн нутаг, Хэрлэн сумын 5-р багт таван голомт байгаа талаар мэдээллээ. Мөн Хэнтий аймагт цэцэг өвчин гарсан нь урьдчилсан шинжилгээгээр тогтоогдоод байгаа юм байна.