Өчигдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Циркийн сургуулийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг шуурхай мэдээллийн утсанд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Гал унтраах 14, 34 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч ажиллаж гал түймрийг шөнийн 03 цагт бүрэн унтраасан байна.Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит тус циркийн сургуульд /хуучин цирк/ дээвэр, дотор талд эд зүйлс шатаж байсан аж. Гал түймрийг бүрэн унтраасны дараа тус сургуулийн эрхлэгч, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн байцаагчид хэргийн газрыг хүлээлгэн өгчээ. Одоо гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор галын шинжээч нар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчтай хамтран хэргийн газар үзлэг хийж ажиллаж байна.