О.Содбилэг: Оюутолгойн төлөвлөгөө нь ямар ч шүүхийн өмнө баримт болж чадахгүй

1254
О.Содбилэг: Оюутолгойн төлөвлөгөө нь ямар ч шүүхийн өмнө баримт болж чадахгүйУИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн О.Содбилэг оролцож, Оюутолгойн Дубайн төлөвлөгөөний талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны тавдугаар сарын 18-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод гарын үсэг зурсан "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ биш. Тиймээс гадаад, дотоодын ямар ч шүүх, маргаан таслах байгууллагын өмнө баримт болж чадахгүй, Монгол Улс үүнд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэв.

            ҮАБЗ-ийн 2009 оны аравдугаар сарын 5-ний өдрийн тэмдэглэлийн гуравдугаарт "Оюутолгойн гэрээ байгуулагдаж, хэрэгжихтэй холбогдон цаашид үүсэх аливаа асуудлын талаар ҮАБЗ-д танилцуулж байх"-аар Засгийн газарт чиглэл өгчээ. Оюутолгой, Тавантолгойн гэрээтэй холбогдуулан "Хуулийн төслүүд буцаах, үндсэн зарчим, удирдамж батлах тухай" УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын 3.2-т "Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулж, уг ажлын явцыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тухай бүр танилцуулж байх"-аар заасан. Гэвч Оюутолгойн төлөвлөгөө нь эдгээр хууль тогтоомжийг зөрчсөнийг дөрвөн үндэслэлээр тайлбарлалаа.

  Нэгдүгээрт, Монгол Улс Оюутолгойн гэрээнүүдэд гарын үсэг зурахад хийсэн тэр үеийн процедур, шат дамжлагаар Дубайд гарын үсэг зурсан төлөвлөгөө яваагүй. Оюутолгойн гэрээг тухайн үед зурахад УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, яамдын саналууд болон Засгийн газрын тогтоол, байгаль орчны үнэлгээ, Ашигт малтмалын газарт хүлээлгэн өгч батлуулсан ТЭЗҮ гэх мэт олон шаардлага хангагдаж байж гэрээ зурагдаж байсан. Харин Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурахад Ерөнхий сайд дээрх шат дамжлагаар яваагүй, дэмжлэг аваагүй учраас гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Хоёрдугаарт, Дубайн бичиг баримтын нэр нь PLAN буюу ТӨЛӨВЛӨГӨӨ гэж байгаа учраас ГЭРЭЭ биш.

Гуравдугаарт, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оролцсон талууд, тухайлбал, "Айвенхоу Майнз" компани Дубайн төлөвлөгөөнд оролцоогүй байна.

Иймд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурсан энэ баримт бичгээр Монгол Улс ямар нэгэн гэрээний үүрэг хүлээгээгүй. Олон улсын арбитрт хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэгдсэн мэт ташаа мэдээг дэлгэрүүлж, дотоодод болон гадаадад хүлээлт үүсгэсэн нь энэхүү асуудалд хөнгөмсөг хандсаны илрэл бөгөөд Оюутолгойн төслийн урт хугацааны тогтвортой байдалд олон эрсдэл дагуулж байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газар худал хуурмаг мэдээлэл өгдөг гэсэн ойлголт төрүүлж ирээдүйн гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэл үүслээ. Дотоодын эдийн засагт хямралаас гарах нь гэсэн цаг зуурын хоосон найдвар төрүүлсний улмаас валютын ханш түр хугацаагаар буурсан боловч бодит гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй учраас эргэж өссөн зэрэг эрсдэлүүд үүссэн. Мөн Ерөнхий сайд энэхүү төлөвлөгөөг олон улсын арбитрын шүүх дээр очих юм бол хүчин төгөлдөр баримт бичиг гэж буруу тайлбарлаж, Монгол Улс гэрээ мэт дагаж мөрдөх албатай хэмээн ойлгуулж байгаа эрсдэлүүдийг нэрлэж болно гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>