Айсуй хямралын айдас

1051
Айсуй хямралын айдас

-Ам.доллар, гадаад валютаар зээл авсан зээлдэгчдэд дааж давшгүй дарамт ирнэ-

Холбооны нөөцийн сан сүүлчийн 10 орчим жил тогтвортой байсан бодлогын хүүгээ өсгөх, эсэх асуудлаар хоёр өдөр хуралдаж байна. Хэрэв бодлогын хүүгээ өсгөвөл хөгжиж буй орнуудын зах зээлд ямар нөлөө үзүүлэхийг шинжээчид бодитоор тооцоолжээ.

Хятадын эдийн засгийн удаашрал, түүхий эдийн уналттай тэмцэлдэж буй хөгжиж буй зах зээл дэх компаниудын дийлэнх нь их хэмжээний ам.долларын зээлтэй. Бодлогын хүү өссөнөөр эдгээр компаниудын өрөө дахин санхүүжүүлэх өртөг нэмэгдээд зогсохгүй өнгөрсөн жил ханш нь огцом унасан хөгжиж буй орнуудын валютын ханш улам үнэгүйднэ. Ингэснээр ам.доллар, гадаад валютаар зээл авсан зээлдэгчдэд дааж давшгүй дарамт ирж, эдийн засгийн нөхцөл байдал улам л таагүй болно.

ХНБ-ны тэргүүн Жанет Йеллен, дэд тэргүүн Стэнли ФишерОлон улсын санхүүгийн институтийн удирдлагын захирал Хан Тран хөгжиж буй орнуудын бизнесийн байгууллагуудын зээл, тэр дундаа ам.доллараар авсан зээл өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаа нь ноцтой асуудал болохыг анхааруулж байна.

Гэхдээ энэ бол аюулын ердөө нэгээхэн хэсэг. Зээлдэгчид экспорт, хилийн чанад дахь үйл ажиллагаа болон санхүүгийн янз бүрийн арга хэрэгслүүдээр дамжуулан ам.долларын нөөцөө бүрдүүлдэг. Хөгжиж буй орнуудын Засгийн газрын өнгөрсөн жилүүдэд хуримтлуулсан гадаад валютын нөөц эдгээр зээлдэгчид олигтой тус хүргэж чадахгүй.

Олон улсын төлбөр тооцооны банкны мэдээлж буйгаар хөгжиж буй орнуудын банк санхүүгийн бус хувийн хэвшлүүдийн нийт гадаад валютын өр төлбөрийн хэмжээ өнгөрсөн 10 жилд маш хурдтай өссөн байна. Хамгийн сүүлд буюу 2014 оны гуравдугаар улиралд нийт 3.29 их наяд ам.долларын өртэй байснаас 1.35 их наяд нь бонд хэлбэртэй өр төлбөр байгаа бол үлдсэн хэсэг нь банкны зээл байна. Энэ тоо айсуй их хямралыг зөгнөхөд хангалттай.

Олон улсын төлбөр тооцооны банкны хамгийн сүүлчийн тайлангаар хөгжиж буй орнуудын санхүүгийн зах зээл руу орсон нийт хөрөнгийн дөрөвний нэг нь хүүгийн түвшин бага зах зээлээс зээлсэн хөрөнгийг өндөр хүүтэй зах зээлд хөрөнгө оруулалт хэлбэрээр шингээх замаар бэлэн мөнгөтэй корпорацуудын худалдан авсан дотоодын актив аж. Ийм нөхцөлд мөнгөний орох урсгал зогсвол зээлдэгчид их хэмжээний өртэй үлдэх эрсдэлтэй тухай UBS хөрөнгө оруулалтын банкны стратегийн мэргэжилтэн Бхану Бавежа сануулж байна.

Хөгжиж буй зах зээлийг бүхэлд нь хамарсан эдийн засгийн амаргүй нөхцөл байдал, Хятадын мөнгөн тэмдэгтийн сулрал зэрэг нь зарим нэг пессимист шинжээчдийг Холбооны нөөцийн банк айсуй хямралаас зайлсхийхийн тулд бодлогын хүүгээ маш бага хэмжээтэй өсгөх хэрэгтэй гэж үзэж байна.

Жонатан Витлей

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>