С.Төмөр-Очир: Буруу ард түмэн гэж байхгүй

847

УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир­той ярилцлаа.

-Өнөөдрийн нийгэмд улс төр, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ бүхнийг та юу гэж харж байгаа вэ?

-Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна гэдгийг надаар хэлүүлэлтгүй амьдрал харуулж байна. Зах, дэлгүүрээр орж хүмүүс юу худалдаж авч байна. Нөхцөл байдал ямархуу байна гээд хараад явж байхад орлого олж байсан цаг үе өнгөрсөн гэдгийг худалдаа эрхлэгчид хэлдэг юм. Барилгын мате­риал, хүнс, барааны худалдаа эрхэлж байгаа бүх хүмүүст эдийн засгийн нөхцөл байдал хүнд тусч байна гэдгийг хэлж байгаа. Үнэхээр ч тийм л бай­­на. Нэг зүйл хэлье. Хуучин бол гуяыг дагуулж хүзүү өгдөг байсан. Энэ тухай хэдэн жилийн өмнө ярьдаг байсан. Одоо ч ярьж байна л даа. Өнөөдрийн нөхцөлд гуя хүзүү авах нь бүү хэл нэг хөл мах авч чаддаг хүн байхаа больжээ. Та нар дэлгүүрт ороод хараарай. 300-400 грам­маар мах худалдан авч бай­гаа. Ургамлын тос бүтнээр нь авч байгаа хүн тэр бүр байхаа больсныг хотын захын дэлгүүрүүдээс харж болно. Өнөөдөр монголчууд граммаар л амьдарч байгаа шүү.

Би 1995 онд БСШУ-ны сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад амьдрал хүнд байсан. Одооны хүүхдүүдэд тэр үед картын бараатай байсан гээд ярихаар ойлгохгүй байна. Оюутнууд үүнийг мэдэхгүй байна. Тухайн үед дэлгүүрийн лангуун дээр давс, хатсан гоймон хоёроос өөр юу ч байхгүй байлаа. Тэр үеийг бодоход харьцангуй гай­гүй байгаа ч ард түмний сэт­гэл зүй тэр үе рүү орчихсон байна.

Их хурал өнөөдөр 2016 оны төсвийг хэлэлцэж байгааг телевизээр харлаа. Гэтэл ирэх оны төсвийнхөө бараг 50 хувийг өрөндөө өгнө гээд сууж байна. Үнэхээр эдийн засаг хүнд байна гэдгийг үүнээс харж болно.

-Эдийн засгийн хүндрэл юунаас болсон гэж харж байгаа вэ. Одоогийн улстөр­чид бол АН-аас болсон гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө хэсэг нь гадны хөрөн­гө оруулалт буурсан, дэл­хийн эдийн засаг хямарч байгаа гэхчилэн янз бүрээр ярьж байна?

-Дэлхийн эдийн засгийн хямрал дайрсан, алт, зэс, нүүрсний үнэ унасан гээд янз бүрээр л ярьж байгаа. Дээр нэрлэсэн бүхэн байж болно.

Гэхдээ бидний удирдлагын буруугаас болж эдийн засаг хүндэрч байна. Буруу ард түмэн гэж байхгүй. Манай орон чинь эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрчихсэн өнөөдрийг бодоход хамаагүй догь байлаа. Үүнийг л буруу удирдсанаас, удирдлагын алдаанаас болж ийм нөхцөлд хүрсэн гэж хэлнэ. Би Чингис, Самурай бонд босгосныг үгүйсгээд байдаг хүн биш. Зах зээлийн нийгэмд хүн зээлээр амьдарч болно. Зах зээлд шилжсэн орнуудыг хараад байхад зээлгүй хүн гэж бараг байдаггүй. Нэг сайхан орд харштай, том үйлдвэртэй айлд очиход "Миний өвөг эцгийн өмнөх үед зээл авч энэ үйлдвэрийг барьсан юм. Миний үед зээлээ төлж дуусч байгаа юм” гээд зээл төлж дууссаны баяр хийдэг. Зээл авна гэдэг чинь муу юм биш. Зээлийг авч болно. Гэхдээ бодолтой авах ёстой. Энэ зээлийг аваад ийм зүйл хийнэ гэдгээ тооцсон байх шаардлагатай. Зээлийг эргэн төлдөг тул эргэж хөрөнгө оруулалт болох зүйлд зээлийнхээ нэг хэсгийг оруулах хэрэгтэй. Гэтэл манайхан мөнгө олоод ирэхээр гараа угааж байгаатай адилхан үрээд дуусгадаг. Мэдээлэл харж байхад цементийн үйлдвэр гэх мэт томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ сайн зүйл. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Хөгжлийн банк 90 сая төгрөгөөр шинэ жил хийж байгааг юу гэх вэ. Энэ чинь юу гэсэн үг вэ. Тэнд ажиллаж байгаа хүн сарын 3-6 сая төгрөгийн цалин авч байна гэж дуулсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь гурван сая төгрөгийн цалин авахгүй байгаа шүү дээ. Өдөр шөнөгүй Монгол Улсаа хөгжүүлье гэж тархи толгойгоо зовоож байгаа хүн нь ийм цалингүй байна. Тиймээс бид зээлээ юунд зарцуулах вэ, яаж эргүүлэн төлөх вэ гэдгээ бодож байж ажиллах ёстой.

Намайг Боловсролын яаманд байхад Японы хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулиудыг засч, шинэ сургууль барьсан даа. Тэр үед сургууль барьж байсан компанийн захирал ирээд надад нэг зүйл ярьж байсан юм. Тэрийг хэлэх үү.

-Бололгүй яахав...

-Танайд компанийн засаглал буруу байна. Японд ямар ч компани байсан хамгийн доод талын ажилтандаа цалин өгдөг. Дараа нь хариуцсан даргадаа өгдөг гэх мэтээр цалингаа тараасаар компанийн захирал цалин авдаг. Мөнгө үлдэхгүй бол компанийн захирал цалин авдаггүй. Хэдэн сар цалин аваагүй компанийн захирал бодно биз дээ. Би буруу явж байгаа юм байна. Доод хүмүүстээ цалин өгсөөр байгаад надад цалин ирдэг менежментийг хийх ёстой гэдэг юм. Ингэж байж бодлого нь зөв болдог. Харин Монголд болохоор эхлээд компанийн захирал цалингаа аваад мөнгө үлдвэл хамгийн доод талын ажилчиддаа өгдөг. Мөнгө үлдэхгүй бол цалин өгдөггүй юм байна гэдгийг харлаа. Манай нөхцөлд компанийн захирал өөрөө цалин авч байгаа учраас доор нь ажиллаж байгаа хүмүүс хэдэн төгрөгийн цалин авч байна гэдэг талаар боддоггүй. Түүнтэй адилхан манай төрийн томчууд өөрсдөө болж байгаа болохоор доороо юу болж байгааг мэдэхгүй байна. Доороо ард түмнийхээ амьдралыг сайжруулж байж дээд талын хүмүүсийн цалин, албан тушаал өсдөг байх ёстой. Японы компанийн засаглал Монголын компанийн засаглал хоёрын зөрүү ийм байгаа. Үүнтэй агаар нэг манай төрийн засаглал ийм болчихсон байхгүй юу. Нам, улс төрийн бодлогыг ард түмний амьдрал дээшилж байна уу гэдгээр нь хэмждэг. Төрийн бодлого буруу байгаа бол хаанаа алдаж байна вэ гэдгээ ярих хэрэгтэй. Өнөөдөр манайхан эдийн засаг хямарчихлаа гээд яриад байна. Үнэндээ ганц эдийн засаг биш бүх юм хямарчихлаа. Үүнээс гарах арга замыг хайхад ганц намынхан биш эрдэмтэд гэх мэт салбар бүрийн хүмүүсийн үгийг сонсох цаг иржээ.

-Энэ бүхний бурууг хаанаас хайх ёстой вэ?

-Бурууг бодлогогүй үйл ажиллагаанаас хайх ёстой. Төрийн мөнгө төгрөг мэддэг хүмүүсээс хайх шаардлагатай. Би дээр хэлсэн дээ, зээл авах нь зөв гэж. Одоо ч гэсэн хүү багатай урт хугацааны зээл байх юм бол авах хэрэгтэй. Тэгж байж энэ бэрхшээлтэй байдлаас гарна. Зээлж ирсэн мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ сайн бодож үр ашгийг нь гаргах зайлшгүй шаардлага бий.

Бодлогогүй зээл аваад сүүлд нь түүнийгээ төлж авч чадахгүй газар нутгаасаа өгсөн талаар Тажикстан дээр жишээ авч хүмүүс ярих болсон. Манайд ийм буруу бодлого үргэлжлээд явах юм бол энэ байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.

-Манайхан эдийн засгаа солонгоруулах ёстой гэдгийг ярьж байгаа. Таныг Их хурлын дарга байх үед эдийн засгаа солонгоруулах арга хэмжээ авч болоогүй юм уу. Хэрэв тэр үед эхэлсэн бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байсан болов уу?

-Тухайн үед бодлогоор ярьж байсан. Гэхдээ улсын төсөв одоогийнх шиг их наядаар яригддаггүй байлаа. Төсвийн мөнгө бага байсан тул эдийн засгийн бэрхшээлээс гарахын тулд эдийн засгийг солонгоруулах асуудлыг ярихаасаа өмнө өнөөгийнхөө асуудлаа яаж даван туулах вэ гэдэг чинь өөрөө том асуудал болчихсон байсан цаг. Тэр үед орой болгон тог тасардаг байсан гээд бод доо. Явж явж ирчихээд орой хоол хийх гэхээр тог тасарчихаар нь яасан гээд асуухаар цахилгаан станц дээр доголдол гарсан гэдэг байсан. Тэр үед Эрчим хүчний сайд байсан Б.Жигжидийн гэр рүү утасдаад "Жигжид хаана байна. Гэрлээ асаа” гэж ярьдаг байлаа. Энэ бүхнээс харахад бид маш бэрхшээлтэй үед ажилласан. Төрийн бодлого, ард түмний эрх ашиг гэдэг бол нэг намын эрх ашгаас дээгүүрт байх ёстой зүйл. Би П.Жасрай гуайн Засгийн газарт сайд байлаа шүү дээ. Сонгууль болох дөхчихсөн бид цалин нэмж ард түмний саналыг өөртөө татъя гэхэд П.Жасрай гуай "Энэ сонгуулийн чинь дараа Монгол Улс байх юм байгаа биз дээ. Монгол Улс гэж байх юм бол дараагийн Засгийн газрыг чинь яаж огт мөнгөгүй хүлээлгэж өгөх юм. Юун цалин нэмэх. Дараагийн Засгийн газар юм хийг л дээ” гэж байсан байхгүй юу. П.Жасрай гуайн дотор нам ялах ёстой гэдэг зүйл байсан хэдий ч Монгол Улс гэдэг эрх ашгаа нэгдүгээрт тавьж байсан. Тэгж л бид цалин нэмье, нэмье гэж байгаад нэмж чадалгүй сонгуульд орж байлаа. Төрийн бодлого гэдэг тийм л байх ёстой.

-Тэр үед улс гэдэг эрх ашиг хамгийн дээр байж. Харин өнөөдөр төрийн дээр нам сандайлсан хэмээн шүүмжилдэг. Үүнээс гарах гарц байгаа юм уу. Аль аль нам гэлтгүй хоорондоо холбоо сүлбээ маш их болчихлоо...

-Дэлхий дахины системийг хараад байхаар бүгд л намын системээр явж байна. АНУ-г хар л даа. Бас л нам байгаа биз дээ. Ардчилал гэдэг бол хамгийн сайн нь биш. Одоохондоо бид үүнээс сайныг нь олоогүй байна гэдэг чинь энэ байхгүй юу. Зарим хүмүүс ямар ч намгүй байя гэдэг юм. Тэгж болохгүй. Хамгийн чухал нь намыг төлөвшүүлэх. Өнөөдөр нам төлөвшиж чадаагүй болохоор ийм зүйл болоод байна. Миний бодлоор намын гишүүн хүн сонгуульд өрсөлдөхдөө намын хөтөлбөрийг ярьж болно. Төрийн түшээгийн хэмжээнд хүрсэн бол нам бодохынхоо зэрэгцээ Монгол орноо бодох ёстой.

Одоо бид Монгол Улсаа хөгжүүлэх урт хугацааны бодлоготой болохгүй бол цаашаа явахгүй ээ. Өөрөөр хэлбэл энэ уулын орой дээр гарна. Гэхдээ АН урдаас нь гарах уу, МАН зүүнээс нь гарах уу, бусад нам хаагуур гарах вэ гэдэг арга зам нь өөр болохоос очих цэг нь нэг. Ийм л төрийн бодлого байх хэрэгтэй.

-МАН 2012 оноос хойш сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаад найман сарын хугацаанд хамтарсан Засгийн газарт орсон. Одоо бол буцаад л сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж байгаа. МАН сөрөг хүчин шиг байж чадаж байна уу. Зарим хүмүүс сөрөг хүчин биш шүүмжлэх хүчин болчихсон байна гэдэг...

-Ямар ч алдаагүй, бэрхшээлгүй зам мөр гэж байдаггүй юм. 2012 оны сонгуулийн үр дүнгээр МАН сөрөг хүчин болж АН олонхи болсон. Гэхдээ АН дангаараа Засаг байгуулж чадаагүй. Тэр үед МАН-тай хамтаръя гээд түүн дээрээ тохироогүй. Тэр бүү хэл УИХ дахь бүлэг байгуулахад нь хүртэл саад хийж байсан. Сөрөг хүчин гэдэг бол бүх зүйл сөрөөд суух биш юм. Бүх зүйлийг буруутгаж, сөрөх биш энэ бүхэн дээрээ бид уян хатан ажиллах ёстой. Монгол гэсэн ганц эрх ашиг дээрээ АН, МАН, МАХН байх нь хамаагүй бүгд эвлэлдэн нэгдэх шаардлага бий.

АН-ын зүгээс МАН-ыг засагт хамтаръя гэхэд олон асуудал яригдсан. Тэр үед бид намаа болон дараагийн сонгуулиа бодсон бол засагт орох шаардлагагүй байсан. Зарим нь "Дараагийн сонгуульд ялах ялахгүй нь хамаагүй. Монголын ард түмний өмнө ийм бэрхшээл тулгарчихаад хамтдаа давъя гэж байхад нь бид үгүй гэж болохгүй. Иймээс бид хамтрах ёстой” гэхчилэн зөндөө ярьж байж шийдсэн зүйл. Гуйж оруулчихаад дараа нь та нартай ажиллаж болохгүй юм байна гэсэн. Хүн ажиллаж болохгүй юм байна гэж байхад бид ямар зууралдаад байлтай биш дээ. Хамтарч ажиллах зүг чигээ олсон бол энэ уг нь зөв байсан юм. Хамтарсан Засгийн газарт орсноор сайн, муу хоёр талтай.

-Тэр нь юу юм бэ?

-Сайн нь бол Засгийн газарт хамтраад явсан бол өнөөгийн эдийн засгийн ийм хүндрэлд хүрэх байсан уу гэдэг эргэлзээтэй. Анхнаасаа үнэхээр хамтраад явсан бол Чингис, Самурай бонд аваад ирэхээр нь ийм зүйл дээр зарцуулъя гээд хамтдаа шийдээд явсан бол их боломж байсан. Тэр үед юунд мөнгөө зарцуулах вэ гэдэг төсөл нь бэлэн биш байхад мөнгө олоод ирчихсэн. Бондын мөнгөний тодорхой хэсэг нь өнөөдөр болтол зарагдаагүй байна.

-Гэхдээ ашигтай ажилласан гээд байгаа шүү дээ?

-Үйлдвэр хөдөө аж ахуйн газар байгуулаад ашигтай ажиллачихсан юм биш. Банкинд хадгалуулаад жаахан хүү олсон. Тэрийгээ ашигтай ажилласан гээд байгаа юм аа. Аль аль талдаа бодох зүйл бий. Бүх намууд хамтраад Монгол гэдэг ганц эрх ашгийн төлөө нэгдэх ёстой. Хүнд зүйлс гарч ирэх ч даван туулах нь чухал. Тэгэхгүйгээр одоо байгаа шигээ хэрэлдээд байвал хямралаас гарахгүй. Харин ч гүнзгийрнэ.

-Засгийн газрын зүгээс эдийн засгаа аврахын тулд томоохон ордуудаа ашиглах ёстой гэж байна. Энэ хүрээндээ ч ажиллаж байгаа нь анзаарагддаг. Гэтэл үүнийг дэмжихгүй гишүүд байх юм?

-Зовлонтой л доо. Томоохон ордуудаа ашиглаад үр дүнд хүрэх үү гэдэг нь эргэлзээ дагуулаад байна. Таван толгой, Оюу толгойг ашиглаад эхэлбэл жигтэйхэн сайхан болно гэсэн. Сайхан болсон юм хаана байна вэ. Үүнийг бид сайн судлахгүйгээр сэтгэлийн хөөрлөөр хөдөлж болохгүй. Өглөө сэрэхдээ ийм юм хийх ёстой гээд баталгаагүй зүйл яримааргүй байгаа юм. Манайхан Монголын ирээдүй бол хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хичнээн эрдэм боловсролтой байгаад хүмүүжил муутай, үзэл бодол нь өөр байгаа бол түвэгтэй байдаг. Өнгөрөгч хавар Японы олон улсын хуралд сууж байхад гадны нэг эрдэмтэн илтгэл тавихдаа хэлж байсан. Тэр хүн Япон улсын үсрэнгүй хөгжлийн нууц нь япон ээжид байна гэсэн. Япон эмэгтэй хүн хүүхэд гаргасан бол ажил хийлгүй зөвхөн хүүхдээ хүмүүжүүлж, боловсролтой болгоход анхаардаг юм байна. Японы шинжлэх ухаан, технологи гэдэг чинь хүний хөгжлийнх нь дараагийн асуудал. Шинэ бүхнийг хүмүүжилтэй, боловсролтой хүн хийнэ үү гэхээс робот нь хийдэггүй. Үнэндээ манайхан хүүхдүүдээрээ тоглож байна. Нэг Засгийн газар гарч ирээд ийм шугамаар явах ёстой гэдэг. Намайг БСШУ-ны сайд байхад бид АНУ-ыг нэг хэсэг шүтсэн. Түүнд зориулж хуулиа гаргатал Ё.Отгонбаяр гарч ирээд Кембрижийн боловсрол гээд унасан. Гэтэл Л.Гантөмөр гарч ирээд Японы боловсрол гээд уналаа. Сүүлд Их дээд сургуулиуд дээр албан тушаал дэвшсэн хүмүүсийг харахаар бүгд Японд боловсрол эзэмшсэн хүмүүс байна. Монгол хүн гэдэг чинь америк, англи, япон хүнээс өөр байхгүй юу. Эхлээд монгол хүүхдээ судлахгүйгээр хүнээр хүн хийхгүй ээ.

-Өнөөдрийн нөхцөлд Засгийн газрын зүгээс оруулж ирсэн хуулийн төслүүд ихэвчлэн Их хурал дээр унаж байгаа харагддаг. Засгийн газар Их хурал уялдаа муутай ажиллаж байна гэж үзэх үү. Таныг Их хурлын дарга байхад асуудалд хэрхэн ханддаг байсан бэ?

-Энэ удаагийн Засгийн газрын тэргүүн, Их хурал, Ерөнхийлөгч гээд Ардчилсан намаас сонгогдсон байгаа. Тэр утгаараа АН-ын бодлого явах бүрэн боломжтой, хамгийн тохиромжтой нөхцөл байхгүй юу. Гэтэл одоо хамгийн тохиромжгүй нөхцөл болчих гээд байна. Сүүлийн хэдэн жил ийм сайхан тохироо бүрдээгүй. Намайг Их хурлын дарга байхад Н.Багабанди дарга Ерөнхийлөгч, Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан. Энэ үед бидний дунд санал зөрөх зүйл байсан ч асуудлыг шийдэх ямар зөв зам байна гэдэг үүднээс асуудалд хандаж байсан болохоос тэрний хэлсэн үгийг дэмжихгүй гэдэг зүйл байгаагүй.

Намайг УИХ-ын дарга байхад Орост өр төлөх асуудал Их хурлаар орж ирсэн. Хэдэн талаас нь ярилцаж байгаад энэ боломжийг алдалгүй энэ өрийг бага өртгөөр төлөөд авах нь зүйтэй гээд явсан. Н.Энхбаяр дарга өөрөө удирдаад комисс гараад асуудлыг шийдсэн. Одоо бол УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь нэг намаас гарч ирчихээд эвлэлдэж чадахгүй байна. Ерөнхийлөгч нь давхар дээлтэй хүнээр сайд тавихгүй гэнгүүт тэрнээс нь зөрж байгаа юм шиг явсан. Тэр бүү хэл давхар дээлийг эсэргүүцэж байсан гишүүнээ хүртэл давхар дээлтэй болгоод оруулж ирсэн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын харилцаа ямар байгаа билээ. Энэ мэтчилэн фракцын зөрчлөөс болж ард түмний амьдралыг нааштай шийдчих зүйлсээ шийдэж чадахгүй байна. Нэг намын төрийн гурван өндөрлөг нийлээд ажиллавал их зүйл хийнэ дээ.

Э.Энхболд

 

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>