Цахилгааны хөнгөлөлтийг зөвхөн тоолууртай өрхүүд эдэлнэ
Эрчим хүчний зохицуулах хорооноос төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын 280 мянга гаруй айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.
Ингэснээр Улаанбаатар хот, 15 аймгийн гэр хорооллын айл өрхүүд энэ сараас эхлэн ирэх оны гуравдугаар сарыг дуустал 21:00–06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу нэг килоВатт цагийг 38.55 төгрөгөөр тооцуулах боломжтой болох юм.
УБЦТС ТӨХК хөнгөлөлт олгох тухай шийдвэрийг цахилгаан эрчим хүчний борлуулалтын гуравдугаар циклээс буюу 12 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Хөнгөлөлтийг бүх айл өрхүүд ижил хугацаанд хамрагдаж дуусах хугацаа ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болох юм. Мөн цахилгааны хөнгөлөлтийг зөвхөн тоолууртай өрхүүд эдлэх юм.
Тус компаниас гэр хорооллын 143 мянган айл өрх үйлчилгээ авдгаас 124 мянга нь өдөр, шөнийн тарифт тоолууртай байна. Хөнгөлөлт тооцогдох боломжтой өдөр шөнийн тарифт тоолуурыг баталгаат тоолуур худалдах эрх бүхий барилгын материалын дэлгүүрээс болон УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Тоолуурын лабораториос худалдан авах боломжтой юм байна.
Эх сурвалж: www.polit.mn