Ж.Чинбүрэн: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай

35

Ж.Чинбүрэн: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай

 

“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө. Дөрөв дэх удаагийн хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор зохион байгуулсан юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцлоо. Энэ удаагийн чуулганаар халдварт бус өвчин буюу даралт ихсэлт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг бие махбодын өвчнөөс гадна сэтгэцийн эрүүл мэндийг онцлон хэлэлцсэн. Манай улс сэтгэцийн эрүүл мэндийг халдварт бус өвчний хөтөлбөрт албан ёсоор багтаах нь чухал юм.
Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудал бол хамгийн түрүүнд 2000 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. Мөн хүн амын насжилт нэмэгдэж буйтай холбоотойгоор үндэсний хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэрэгцээ байгаа бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийг халдварт бус өвчний үндэсний стратегид багтаан, тогтолцооны хувьд дэмжих шаардлагатай юм.
Мөн өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд ДЭМБ-ын mhGAP модулийг нутагшуулах, сэтгэцийн хямрал, эмгэг, хүүхдийн хөгжлийн хоцрогдол зэрэг асуудлыг анхан шатанд оношлох, зөвлөгөө өгөх, эмчлэх энгийн протоколыг өрхийн эмч, сувилагч нарт сургаж хэрэгжүүлэх нь чухал байна.
Мөн амиа хорлолтын асуудлыг зөвхөн гарсан уршгаар нь бус, харин үүсгэж буй шалтгааныг нь олж тогтоон, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулах шаардлагатай бөгөөд энэ чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгийн туршлага, дэмжлэг чухал гэдгийг онцоллоо.
Дэлхий дахинд амиа хорлолтын нийт тохиолдлын 77 хувь нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгдэж байгаа бөгөөд өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны дөрөвдүгээрт орж байна. Монгол Улсын хувьд 2023 оны эрүүл мэндийн статистикт амиа хорлолтын түвшин 100 мянган хүн амд 14.7 байгаа нь ноцтой үзүүлэлт юм. Насны бүлгээр авч үзвэл, 20–24 насныхны нас баралтын 27.4 хувь, 25–29 насныхны 20.6 хувь, 15–19 насныхны 23.6 хувь нь амиа хорлолтоос шалтгаалсан бөгөөд энэ нь ойролцоогоор тухайн насны дөрвөн хүн тутмын нэг нь ийм шалтгаанаар амиа алдсан гэсэн үг юм.
Иймээс хүн амын дунд, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд амиа хорлолтын оролдлогоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Үүний тулд сэтгэцийн эрүүл мэндийн түгээмэл тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чанартай бөгөөд хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэх нь зайлшгүй чухал бөгөөд салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа оновчтой хэрэгжих шаардлагатайг мэргэжилтнүүд онцлов.
Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхтүвшин: Сэтгэцийн эрүүл мэнд нь зөвхөн эмч нарын шийдэх асуудал биш, нийгмийн бүх салбартай уялдаатай гэдгийг ойлгох шаардлагатай. Жишээлбэл, ажилгүйдэл 1 хувиар нэмэгдэхэд амиа хорлолт 4.5 хувиар өсдөг гэсэн судалгааны баримт бий. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбарын биш, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого, шийдвэртэй салшгүй холбоотой болохыг харуулж байна.
Боловсролын салбар ч мөн онцгой үүрэгтэй. Гурван наснаас эхлэн 18 нас хүртэлх хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсрол олгож, стрессээ зөв зохицуулах арга барилд сургах нь чухал. Үүнийг бодлогын баримт бичиг дээр зөвхөн заавар болгон бичихээс илүүтэй бодит амьдралд хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь гол асуудал юм.
Амиа хорлолтыг мөсөн уулын оройтой зүйрлэж болох бөгөөд ил гарч харагдаж байгаа тоо бол нийгмийн гүн дэх асуудлын зөвхөн өчүүхэн хэсэг. Түүний цаана гэр бүл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, амьжиргаа, нийгмийн харилцаа зэрэг олон хүчин зүйл хуримтлагдан нөлөөлж байгааг харгалзан үзэх шаардлагатай юм.
СЭМҮТ-ийн Сэтгэц-нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал н.Алтанзул: Монгол Улс амиа хорлолтын түвшнээр дэлхийн дунджаас хоёр дахин өндөр, Ази Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хоёрт бичигдэж байгаа нь онцгой анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна. Жилийн статистикийг авч үзэхэд, хүүхэд, өсвөр үе болон залуу насныхны амиа хорлолтын тоо бусад улс оронтой харьцуулахад илүү өндөр байгаа нь ноцтой асуудал юм. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гүнзгийрч, олон үе шатыг даван туулсны эцэст амиа хорлолтыг сонгож байгаа бодит байдлыг илэрхийлж байна. Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалт, ажилгүйдэл, ядуурал болон амьдралын олон хүнд нөхцөл байдал нөлөөлж байгаа. Иймээс асуудлыг зөвхөн нэг талаас бус, цогцоор нь шийдвэрлэхгүй бол бид ирээдүй болсон хойч үеэ алдах эрсдэлтэй хэвээр байна.
Энэ хүрээнд 2026–2030 онд хэрэгжүүлэх Амиа хорлолтоос сэргийлэх үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж, 100 мянган хүн амд ногдох амиа хорлолтын түвшинг 10 хувиар бууруулах зорилго тавиад байна.
Ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалж, стресс бухимдлаа зөв тайлж сурах, гэр бүлдээ зохистой орчин бүрдүүлэн тэнцвэртэй авч явах ур чадварт хүн бүр суралцах шаардлагатай. Амиа хорлолт нь тухайн хүн амьдралын туршид олон удаа стресс, бухимдал, сэтгэлийн дарамтыг туулсаар, эцэст нь даван туулах боломжгүй мэт санагдаж, бууж өгсөн сонголт хийж буй үзэгдэл юм. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн байдал аль хэдийнэ хүндэрсэн гэсэн дохио юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>