Хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ хийнэ

931

 Хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ хийнэ

Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгахад 75-80 сая төгрөгийн зардал гарч байна гэсэн яриа байгаа бол Хавдар судлалын үндэсний төв үнэгүй элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулна гэж зарласан нь ард иргэдийн дунд буруу зөрүү ойлголт өгсөн байна. Иймээс Хавдар судлалын үндэсний төвийн дарга Л.Төмөрбаатар өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны уулзалтад оролцож, тайлбар өглөө.

Тэрбээр, "Жилд нийт 2200 гаруй хүн элэгний хорт хавдраар өвдсөн судалгаа байна. Элэг шилжүүлэн суулгахаас бусад түвшний эмчилгээний асуудлыг манай эмч нар үндсэндээ шийдсэн. Манай дараагийн зорилт бол элэг шилжүүлэн суулгах. Гэхдээ өнөөдөр Нэгдүгээр эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн. Харин тэнд элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгаагүй байгаа. Иймд энэ технологийг Хавдар судлалын үндэсний төв өөр дээрээ нэвтрүүлнэ. Яагаад энэ мэдээлэл гарах болов гэвэл Шинжлэх ухаан технологийн санд элэгний хорт хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах нутагшуулах төсөл бичсэнээр төслийн санхүүжилт болох 400 сая төгрөгийг авсан. Төслийн гол зорилго нь гурван жилийн хугацаанд 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх төлөвлөгөөтэй. Энэ тухай гол нь ярьсан. Энэ бол ганцхан энэ жил хийх асуудал биш.

Өнөөдөр хорт хавдартай хүн гэж шинээр оношлогдож байгаа хүмүүсийн 5 орчим хувь нь элэг шилжүүлэх шаардлагатай гэж үзэхэд жилдээ 130-150 хүн зөвхөн хорт хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай. Монголын эрүүл мэндийн салбар өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжгүй. Гэхдээ гадагшаа явж байгаа иргэдийн тоог бууруулах ёстой. Тэдэнд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах  үүднээс энэ төслийн хүрээнд хийгдэх 20 хагалгааг тухайн өвчтөнөөс аль болох зардал авахгүй байхаар, зарим хэсгийг нь төсөвт суулгах, зарим хэсгийг нь олон нийтээс хандив цуглуулах байдлаар хийе гэсэн зорилт тавьсан. Тиймээс энэ хагалгааг огт үнэ төлбөргүй хийж дийлэхгүй. Зөвхөн эм хэрэгслийн зардал гэхэд 50-60 сая төгрөг гарахаар байгаа. 2016 онд эхний тохиолдлыг хийхээр төслийн хүрээнд төлөвлөсөн. Өвчтөнөөс гарах эрсдлийг бууруулья гэсэн зорилт тавьсан. Харин зарим хэсэг нь буруугаар ойлгосон юм билээ. Одоо хагалгааны дараалалд орьё гэж бидэнд хандаж байгаа. Өвчтөнийг явц дунд судалж байж авна. Өнөөдөр 20 жагсаалтыг гаргах ямар ч боломжгүй. Учир нь энэ хагалгаа нь гурван жилийн хугацаанд хийгдэх хагалгаа юм" гэв.

Хавдар судлалын үндэсний төв мэдээлэл өгөхдөө болгоомжтой хандаж, тодорхой бодит мэдээлэл өгөхгүй бол нийгмийн уур амьсгалд буруу нөлөө үзүүлнэ гэдгийг байнгын хорооны дарга санууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>