Машины замаар явнаа... (Эмээгээ дурсахуй)
Намайг бүр багад, гурав ч хүрээгүй байх үед эмээ маань надаас "Миний хүү бурхны замаар явах уу” гэж асууж л дээ. Тэгсэн би өөдөөс нь "Үгүй, машины замаар явнаа” гэж чигээрээ хариулсан гэдэг. Тэгж тэс хөндлөн хариулт сонсоно чинээ санаагүй эмээ минь тэрүүхэндээ хөгжиж, аав ээж, ойр хавийнханд сонин болгон дуулгаж, хөгжицгөөж байсан гэдэг. Миний эмээ их шүтлэгтэй, туйлбартай, насаараа бурхан буянд хазайлтгүй итгэж сүслэн зулаа өргөж, мааниа уншин эрхээ эргүүлж, сунаж мөргөн, гороо хийж дээжээ өргөсөн хүн. Эмээгийн эрхинүүд их нандин, гарт нь эсвэл орны толгойд.
Биднийг бага байх үеийн нийгэм дийлэнхээрээ бурхан шашин, сүсэг бишрэлийг үгүйсгэсэн, нийтээрээ шахам л тэгж итгэсэн үе байсан. Эмээ маань оройд бурхныхаа шүүгээний өмнө зулаа барьж, амандаа дүнгэнэтэл маань уншаад л суудагсан. Нэг орой яг тэгж суухад нь эмээгийндээ ороод "Эмээ бурхан гэж байхгүй ш дээ, наадах чинь шал худлаа” гэж хэлэхэд эмээ минь одоо бодоход арга нь барагдсан шинжтэй, хачин харцаар харж билээ. Ямар нэг юм хэлэх гээд л бага зэрэг түхэлзсэнээ буцааж залгиад буруу хараад амандаа мааниа хэлээд суучихсан. Дөнгөж аравтай, тийм цадиггүй нөхөртэй юу ч ярих вэ дээ эмээ минь. Эцэг эх нь коммунист, энэнд юм яриад ч нэмэргүй гэж бодоо биз.
Урьдны цагт мал хөрөнгө, үр хүүхэд тэгш айл их ховор байсан юм гэнэ лээ. Мал хөрөнгөтэй нь хүүхэд цөөтэй, зарим нь ч бүр үрийн хүслэн болж суудаг байж. Гэтэл мал хуй тааруутай борог ядуу нэгнийх нь гэр дүүрэн хүүхэдтэй байдаг байж. Харин эмээгийн маань эцэг шар Ядамзавынх гэж мал хуй сайтай, олон сайхан хүүхэдтэй айл байж. Ээжээс л сүүлд дуулж байхад "цагаан хэл ам хүрсэн юм гэнэ лээ” гэх. Эмээ минь ижийгээсээ эрт өнчирч үлдсэн юм гэсэн. Тиймдээ хатуужиж өссөн юм болов уу даа, амьдралын амаргүй тохиол, хагацал зовлонг эмээ минь тэвчээртэй, хаттай, олон таван үггүй, нэг л янзаараа туулсан байдаг. Одоо боддог юм, эмээ минь бурхантайгаа л ярьж суудаг байсан байх хөөрхий. Өөрөө ч үглээн дуулаангүй сүрхий хүн байж, сэтгэлийнх нь тээшийг уудлалцах завтай, анзааргатай хүн ч байгаагүй байх. Бүгд л соц үеийн завгүй, хариуцлагатай нөхдүүд шогшоод л, манай хавийн мань мэтийн багачуул хөл дарж, хоолыг нь хороож явснаас яаж хэтрэх вэ дээ. Дэггүй зүггүй хүүхдүүдэд дарагдсан эмээгээ уурлаж уцаарлаж, зандарч, чанга дуугарч байсныг нь ер хараагүй юм даг.
Сар шинэ дөхөж байна. Хүүхэд үеийн цагаан сарыг эргээд дурсах бүрт эмээгээ санаж, хорвоогийн жам ёс, хүн байхын утга, ухаан дунд хөвчихдөг юм.Ер нь хэзээний л эмээгийнх маань цагаан сараар ер бусын гоё айл болдог байлаа. Нагац ахтай хамт байх болсоор тэднийх хөдөө өвөлждөг болсон. Үргэлж цэмбэгэр, ажилсаг, хачин сайхан амттай хоол ундтай эмээдээ шинэ сараар золгохоор УАЗ-469 машинд хэдэн айл чихэж аваад л очиход нагац ах, эмээ хоёр маань хөл хөөр болоод хүлээж сууна. Золгох гээд л дугуйраад зогссон бид гэр дүүрэн. Эмээ "Ээ буянаа нэм, тэгш жаргалтай, мөнх буянтай дэлгэрч жаргаж яваарай” гэж нүдэндээ нулимстай, биднийг ерөөгөөд л, ямар чиг сайхан байгаав дээ. Өвөө маань бидний нялхад өөд болсон болохоор эмээ л бидэнд ёс горим, монголжуу зан, хол ойрын амьтан хүн, ахан дүүстэй зүй алдахгүй байх, буяныг бодож монголоороо амьдрахуйн ухаанд үлгэр болж байв.
Хүүхдийн гар дээр заавал юм тавьж, хүний алга дээш нь харуулж амьтан хүнд зүй сайтай байх нь жирийн л нэг монгол эмэгтэй хүний хэв шинж байснаас гадна эмээгийн хувьд өглөг буян гэгч ном дүрэм шиг байсан юм. Бурхан, буян хоёрт туйлын үнэнч байж, том том ном судрыг цээжээр уншиж хожим хойдох цаг, үр хүүхэд, зургаан зүйл хамаг амьтныг ерөөж амьдарсан эмээ минь нялх балчир хүүгээсээ "Бурхны замаар явах уу” гэж битүүхэн горьдлоготой асуулгүй яахав. Харин хүү нь чигээрээ л "машины замаар” явсан. Энэ цагийн эрдмийг хөөсөн. Гэхдээ л эмээгийнхээ номын ерөөлийг их хүртэж яваа гэж итгэдэг. Тийм ч болохоороо надад мэддэг, хэлдэг тарни, маань мэгзэм бий. Буян нүглийг дэнслэх сэтгэл хүүд нь бий, танаасаа л ургаж үндсэлсэн юм чинь.
Бага байхын л ойр зуурын өвчин хууч, ханиад томуу энэ тэрхэнд монгол бор арга, эм тан гээд арга чаргатай. Тэрдундаа юм л бол "Агар жүдэн” сайн гээд л жижигхэн бор уутнаас тан гаргадаг байв. Тэр нь нандин гэж жигтэйхэн, уухаар бие нь сайхан засардаг байж л дээ. Намайг нэгдүгээр курс төгсөхийн үед Агар жүдэн нь дуусч байгааг дуулсан би сураглаад л явж өглөө. Тэгсэн жү-дэн гэдэг нь арван долоо гэсэн үг болохыг олж мэдэв. Агар – 17 гэдэг танг нь ч олж аваачиж өгөв. Эмээ минь баярлаж байна гэж тоймгүй. Чихэр боов, юухан хээхэн бариад л очно. "Таныг даатгаж Ганданд ном уншуулсан" гээд бичгийг нь үзүүлнэ. "Буян нь дэлгэр” гэдэг үгийг бурхандаа залбирах шиг л хэлдэг байлаа. Ер нь л миний эмээ орж гарахад үргэлж л ерөөлийн үгтэй тосож, үддэг байлаа. Өөд болохынхоо урд жил эмээ надад "Миний хүү ер нь ижийн минь сүнс юм байхаа даа” гэж хэлсэн юм. Ачлал энэрлийн дээд ижийгийнхээ энгээр хүүгээ өргөмжлөн бодсон эмээгийн минь тэр үг шиг үнэ цэнэтэй үг гэж юу байхав, бурхан минь.
Ер гаруй насалсан эмээ минь өөд болоод есөн жил өнгөрчээ. Эмээгээ нутаглуулчихаад буцаж явахдаа эргэж харахад машин зам тоосроод л ард зурайж үлдсэн. Өндөр насыг насалсан жаахан буурал эмээ минь өвдөж зовохоос ангижирч, бурхны замаар буцаж яваа гэж сэтгэлээ аргадсан. Өмнө минь зам хөвөрч тосоод л... Сэтгэл нэг бодлын амсхийх ч шиг санагдаж билээ. Ерөөл буян тань дэлгэрч л яваа шүү эмээ минь.
Эмээ, нагац ах 2. 1989 он
Наранбаатар Мянганбуу