Хоймор нутгийнхандаа

216

 

Усан хатан эжий Хөвсгөл минь тунгалаг болохоор хойд нутгаа би сананам. Уулс хангай минь сүрлэг болохоор хотгойд нутгаа би үгүйлнэм. Хоёр зуун жилээр алсарсан ч уугуул нутаг, ураг элгэн садан минь тэнд л суугаа билээ.

 

Ахан дүүс хагаралдан дайтаж, аймаг отгоороо хуваагдан олзлолдон булаалцалдсан тэртээх холын он жилүүдэд хагацан салсан ахан дүүс минь.Туурга тусгаар Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө Шадар ван Чингүнжавын дайны хар тугын дор нэгдэж, түмэн цэргийн харангын дуунаар эмхрэн жагссан ураг, элгэнүүд минь.

 

Шадар Ван Чингүнжав Манжуудад булаагдсны дараа хотгойд түмнийг хагалан бутаргаж, хүчийг нь сарниулан албан хүчээр нүүлгэн тараахад Хотгойдын таван отгийн нэг мянгад түмнийг Ховд голын зүүн хөвөө, Алтан Хөхий уулын бэлд Ховдын Манж амбаны харгалзаанд шилжүүлсэн байдаг.

 

Шадар ван Чингүнжав эргэн ирж, хотгойд нутагтаа биднийг аваачина хэмээх итгэл, сэтгэлээ гээгүй мянгад түмэн хоёр зуун жил дамжин хар хаяавч, хөх үүдэвчтэй байсаар ирсэн юм. Мянгадууд бид Шадар ван Чингүнжавын дайны хар туг, түмэн цэргийн харангыг 1931 он хүртэл дээдлэн хадгалж явсаар цагийн бурангуйд автаж, устгуулсан ч хожмийн өдөр илрүүлэн олж, хотол түмнээрээ тахих цаг ирнэ хэмээн итгэдэг.

Хаа ч явсан бидэнд элгэн садан мэт энхэр дотно, ямар ч цаг үед ураг элгэнээ хэмээн сургийг нь сонсч, хоймор нутгийнхан минь сайн явна аа гэвэл хөөрцөглөн, хотгойд түмэн жаргалтай байна гэвэл баясан бахархдаг суудаг Биднийг мянгад түмэн гэдэг.

 

Та бидний өвгөд дээдсийн улс орныхоо тусгаар тогнолын төлөө тэмцэж явсан их үйлсийг бататган батжуулж, бадаруулан цэнгүүлэх их үйлсийг түүнд бүрнээ итгэн даатгаж болно хэмээн бид үздэг юм. Төрд байх ёстой хүмүүнийг байранд нь заавал залагтун хэмээн өвгөд гэрээсэлжээ. Нэгэн тугийн дор эмхрэн жагсах ахуйд зэвсэг нэгтэй явсан урианхан түмэн хэзээнээс Монгол төрийн тусгаар тогтнолын төлөөх их үйлсэд хойд түмэн бидний хатгалдах жадны үзүүр, халих жигүүрийн дэвүүр явсан билээ.

 

Гурван голын бэлчирээс нүүдлэн Хөвсгөлийн тайгад хүрсэн урианхан түмэн Шадар ван Чингүнжав хийгээд дайн дажин, самуун үймээний хөлд өртөн хувь заяаны эрхээр салан нүүж Алтайн уулс хүрсэн нь урианхай нэрээ хадгалан үлдсэн түүх бий. Харин гал голомтоо цахиж, хоймор нутагтаа үлдсэн түмнийг Дархад урианхай буюу дархад хэмээн нэрлэсээр өнөөдрийг хүрсэн. Ийнхүү өнгөрсөн түүхийг нэхэн үзвээс П.Цагаан нь эцэг өвгөдийн голомт нутагтаа эргэн ирсэн хүү нь билээ.

 

Хөвсгөлчүүдэд тохиох томоохон тэмдэглэлт ой, баяр наадам, цэнгэл жаргалыг бид өөрсдөд тохиолдож буй баяр хөөр, баясал цэнгэл хэмээн хүлээн авч, элч төлөөлөгчөө илгээн баясан суудаг юм. Та бүхний ялалт, бахдал, баясал, баяр хөөр биднийх хэмээн хүлээн авч сэтгэл зүрхээрээ хамт байдаг билээ.

 

Эрт цагт мянгад хийгээд хотгойд түмэнтэй уухайлвал уриа, туг нэг, ураг нэг явсан урианхан түмний үр сад болсон П.Цагаан Монголын улс төрд байх ёстой, туурга тусгаар улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэн дээдлэх чигч шударга нэгэн.

 

 

Хотгойд түмний тасархай Ховдын Мянгад зоноос

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.