ЦАГААН ОРДНЫ ТӨЛӨӨХ БОХИР МЭТГЭЛЦЭЭН
Дэлхийн нэгэн хүчирхэг гүрэн болох АНУ-ын дараагийн Еренхийлөгч ирэх арваннэгдүгээр сарын 8-нд тодорно. Энэ сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нэр дэвшиж байгаа. Тэд хоёулаа эрс тэс туршлагатай. Хиллари Клинтоны хувьд улс төрийн арвин туршлагатай бол Доналд Трамп бизнесийн хүрээнд туршлага хуримтлуулж чадсан нэгэн юм. Тэдний анхны мэтгэлцээн есдүгээр сарын 26-нд болсон бол хоёр дахь мэтгэлцээн нь орон нутгийн цагаар өнгөрөгч ням гарагт боллоо.
Гэхдээ өнгөрсөн удаагийн мэтгэлцээнээс энэ удаагийнх илүү "бохир” болсон гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм. АНУ-ын Миссури мужийн Сент Луйст болсон хоёр дахь удаагийн халз мэтгэлцээн эхнээсээ дуусах хүртлээ нэг нэгийнхээ хувийн амьдрал руу дайрч давшилсан довтолгооноор дүүрч, зарим үед ердийн мэтгэлцээний хэм хэмжээнээс хальж байжээ. Халз мэтгэлцээнээр нэр дэвшигчид өөрийн бодлогыг өрсөлдөгчтэйгөө харьцуулан жишиж, улс төр ярьдаг бол энэ удаа хувь хүн рүү нь халдаж, хэн бэ гэдгийг нь харуулах гэсэн доромж утгатай мэдэгдлүүд зонхилж байв. Хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трампын эмэгтэйчүүдийг гутамшигтай муухайгаар хэлж буй бичлэг цацагдаж, нийгэмд том дуулиан тарьсан. Үүнтэй холбогдуулан намын нөхөд нь ч түүнд урам хугарч буйгаа мэдэгдэн нүүр буруулж эхэлсэн билээ.
Тэгвэл энэ байдлыг мэтгэлцээнээр дамжуулан дахин өөрийн талд эргүүлэхийн тулд Доналд Трамп Хиллари Клинтоны нөхөр АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтоны хормойн явдлыг дурьдана гэдгээ өмнө нь мэдэгдэж байв. Үүнээс гадна халз мэтгэлцээн болохоос ердөө 90 минутын өмнө Билл Клинтонд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйчүүдийн хамтаар хэвлэлийн хурал зарлаж дуулиан тарьсан юм.
Тиймээс ч халз мэтгэлцээн олон хүний анхаарлыг татаад амжсан. Таамагласаны дагуу мэтгэлцээний эхэнд хэвлэлээр цадагдсан Доналд Трампын бичлэгийн талаар сэтгүүлч Андерсон Күпер асуухад тэрбээр хэлсэн зүйлээрээ бахархахгүй байгаагаа хэлж, уучлал хуссэн ч, энэ бол зүгээр л цоожтой хаалганы цаана ярьдаг яриа гэснээрээ өөрийгөө зөвтгөж орхилоо.
Мөн олны анхаарлын төвөөс өөрийгөө холдуулахын тулд өмнө хэлж байсанчлан, Билл Клинтоны хормойн явдлыг сөхөж эхэлсэн юм. Тэрбээр "Билл Клинтоны хэрэг л хамгийн аймшигтай нь. Би зүгээр л үг хэлсэн. Харин тэр үйлдлээрээ эмэгтэйчүүдтэй зүй бус харьцсан. АНУ-ын улс төрийн түүхэнд түүнээс өөр эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцсан улстөрч байхгүй” хэмээн хатуухан хэлж, өрсөлдөгч рүүгээ давшилсан бол үүний хариуд Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Доналд Трампын журамгүй уг хэллэг өөрийг нь ямар хүн бэ гэдгийг тов тодорхой илэрхийлж буйг онцлон хариу цохилт хийж байв.
Доналд Трамп энэ мэтээр хувийн амьдрал руу нь чиглэсэн дайралт өөрийн дэмжигчдийг алдахгүй гэсэн нэг оролдлого байлаа. Учир нь хамгийн сүүлд авсан мэдээллээр 10 гаруй сенатч, 12 гишүүн, гурван мужийн захирагч түүний эсрэг нэгдсэн бөгөөд Доналд Трампыг Цагаан ордны төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татахыг шаардаж, түүний оронд Дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн Майк Пенсийг өрсөлдүүлэх хэрэгтэй гэх уриалга ч намынхны дунд эрчимжжээ. Тэдний дунд Доналд Трамптай Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж байгаад, тулаанаа орхиж түүнийг дэмжихээр болсон Митт Ромни, Жеб Буш, Тед Круз нарын улстөрчид ч байгаа гэнэ. Мөн Бүгд найрамдах намын гишүүн, Төрийн нарийн бичгийн дарга асан Ковдолиза Райс тэрбумтан эрийг өрсөлдөөнөөс гарахыг уриалсан байдаг ч, Доналд Трамп олны шүүмжлэлийг үл тоон, өрсөлдөөнөөс гарах бодолгүй байгаагаа мэдэгдсэн.
Хоёр нэр дэвшигчийн ширүүн маргаан мэтгэлцээний төгсгөлд нэгэн үзэгч тэднийг өрсөлдөгчийнхөө ядаж ганц сайхан талыг хэлэхгүй юу гэхэд Хиллари Клинтон үзэгчдийн суудалд суусан Доналд Трампын хүүхдүүдийг дурьдаад, чадварлаг, аавдаа үнэнч гэсэн бол Хиллари Клинтоны тухайд "Тэр өдий хүртэлх хугацаанд өрсөлдөөнийг орхиогүй. Дайчин эмэгтэй. Энэ бол маш сайн чанар” гэж үнэлсэн юм. Энэ удаагийн мэтгэлцээнд нэр дэвшигчдийн хэн ялсан тухай албан ёсны санал асуулгын дүн гараагүй ч Хиллариг ялсан гэж зарим ажиглагч үзэж байна. Гэхдээ Доналд Трамп ч төсөөлснөөс сайн байлаа гэж дүгнэж байна.
Монголын мэдээ
Б.Даваахүү