М.Түвшинхүү: Миний хүү Голландын шигшээ багт тоглож эхэлсэн

2275

М.Түвшинхүү: Миний хүү Голландын шигшээ багт тоглож эхэлсэн-МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ТҮҮХ, ӨВ СОЁЛОО ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААД ЭМЗЭГЛЭДЭГ-

 

Улсын драмын эрдмийн театрын сайхан залуусын тоонд зүй ёсоор багтдаг жүжигчин М.Түвшинхүүтэй ярилцлаа. Тэрбээр уран бүтээлч, Монгол Улсын иргэн хүний хувьд нийгэмд эмзэглэж явдаг тэр зүйлээ уран сайхны киногоор илэрхийлэхээр сэтгэл шулуудан уран бүтээлээ эхлүүлээд байгаа аж. Энэхүү уран бүтээлд нь түүний мэргэжил нэгт Орос, Буриад, Якут, Өвөрмонголын уран бүтээлчид хамтран ажиллажээ.

 

-"Толботон” киног хийх санаа, сэдэл хэрхэн төрсөн бэ. Киногоороо юу өгүүлэхийг хүсэв?

 

-Юуны өмнө урлагт хайртай, урлагийг шимтэн үздэг Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Кино хийх санаа, сэдлийг өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Тухайн үед яриад явах нь учир дутагдалтай санагдаад бүтээл болгож ойрын хугацаанд гаргахаар сэтгэл шулуудан ажилдаа ороод байна. Учир нь энэхүү киногоор Монгол гэдэг үндэс, угсаатны өв соёл, түүхийн үнэт дурсгалт зүйлийг хамгаалах, түүхийн үнэнийг өгүүлэхийг хүссэн юм. Мөн Монгол үндэсний өв соёлын дурсгалуудыг мэдэхгүй байж байтал гадагшаа гаргах тохиолдол ихэссэн. Мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөх ч үе байна. Энэ бүхэнд би иргэн хүний хувьд эмзэглэж явдаг. Үүнийг л киногоороо харуулахыг зорьсон. Яагаад ОХУ, Хятад, Монгол гэсэн гурван улсын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна гэхээр энэхүү киног зөвхөн Монгол Улсын иргэдэд бус монгол гэдэг нэг үндэс, угсаатны ард түмэнд цаашлаад дэлхийд Монгол гэдэг энэ агуу үндэстний түүхийн үнэн зөв баримт, өв соёлыг түгээхийг хүссэн юм. Гадагш, дотогшоо судалгаа хийгээд явж байхад асар богино хугацаанд оршин тогтож чадсан улс, үндэстэн олон байдаг юм байна. Гэтэл манай монголчууд 800 гаруй жилийн түүхтэй агуу үндэстэн. Энэ том үндэстнийг олон улсад зөвхөн Чингисийн монгол гэж хүлээж аваад байна. Орчин үед тусгаар тогтносон Монгол Улс гэхэд тэр бүр мэдэхгүй байгаад учир байгаа юм. Тийм болохоор дан ганц Монгол Улсын тухай биш Орос, Хятад, Монгол гэсэн гурван улсын харьяа, буриад, өвөрмонгол, якут, тува зэрэг монгол цустай үндэстнүүдийг хамруулж байна. Тийм учраас л олон улсын жүжигчид, киноны уран бүтээлчидтэй хамтарч хийж байгаа юм. Кино зохиол өнгөрсөн гуравдугаар сард бэлэн болсон. Харин өнгөрсөн долдугаар сарын10-15-ны хооронд олон улсын жүжигчдээ Монголд урьж "Андууд” нэртэй уран бүтээлийн уулзалт зохион байгуулж кино зохиолоо таницуулсан. Уран бүтээлчид зохиолтой танилцаад сэтгэл өндөр хүлээж авсан. Бүгд үүнийг ингэвэл болох юм байна, түүгээр соливол зүйгээр гээд өөр өөрсдийнхөө санаа, бодлыг хуваалцсан нь надад үнэхээр таалагдсан. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийн хүч, хөдөлмөрөөр бүтэж байгаа болохоор гайхалтай уран бүтээл болох байх гэж найдаж байна.

 

-Таныг олон улсын хамтарсан кинонд Монголоос хамгийн их тоглосон жүжигчин гэж сонссон. Хэчнээн кинонд тоглов. Энэ бүхэн тань кино хийхэд нөлөөлсөн байх?

 

-Олон улсын хамтарсан кинонд хамгийн олон тоглосон монгол жүжигчин нь би байдаг юм байна лээ. Үүгээрээ ч бахархдаг. Яагаад гэхээр олон улсын өөр, өөр уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад маш их зүйлийг сурдаг. Тэр хэмжээгээр дүрдээ орж тоглоход дөхөм болдог. Мөн янз бүрийн арга барилтай, аливааг өөрөөр хардаг найруулагчидтай хамтарч ажиллахад жүжигчин хүнийг улам нээж, хөгжих боломж бүрддэг. Ер олон талын ач тустай. Би одоогийн байдлаар олон улсын хамтарсан зургаа, долоон кинонд тоглосон.

 

-Зураг авалт хэдийнээс эхлэх вэ. Монгол талын найруулагч тодорхой болсон уу?

 

-Анх кино зохиол гарахад Орос, Монгол гэсэн хоёр улсын газар нутагт зураг авна гэж төлөвлөж байсан. Гэтэл Хятадын уран бүтээлчид санал ирүүлж"Бидэнтэй хамтраач бид танай энэ төсөл, кинонд оролцмоор байна” гэсэн хүсэлт тавьсан. Би очиж уулзаж ярилцаад зураг авах газартайгаа танилцаад саяхан ирлээ. Зураг авалт тун удахгүй эхлэх бөгөөд Вьетнамд хэд хэдэн зураг авах төлөвлөгөөтэй байна. Киноны ерөнхий найруулагчаар Монгол найруулагчийг сонгоно. Үнэнийг хэлэхэд ерөнхий найруулагч бараг тодорхой болсон. Гэхдээ би хэлмээргүй байна. Энэ төсөл дөнгөж яригдаад, эхлэх шатандаа явж байна. Харин Хятадын хоёрдугаар найруулагч Ван Жон, Буриадын нэрт найруулагч Солбон Лыгденов нар ч ажиллана.

 

-Кинонд та дүр бүтээх үү. Монгол болон олон улсын хэчнээн жүжигчин тоглож байгаа вэ?

 

-Би"Толботон” кинонд дүр бүтээнэ. Гэхдээ ямар дүр гэдгийг хэлж мэдэхгүй байна. Учир нь найруулагч тэр бүгдийг мэддэг. Надад ямар дүр өгнө би тэр дүрийг л чадлаараа бүтээнэ. Намайг анх жүжигчин болж байхад Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт найруулагч Б.Баатар"За Түвшээ жүжигчин хүн найруулагчийн өгсөн дүрийг голох эрхгүй байдаг юм. Тэр олон хүнээс чамайг онцолж тэр дүрийг өгсөн нь учиртай л байж таараа” гэж миний бие махбодид хатуу сануулан хэлж байсан юм. Би өнөөдрийг хүртэл үүнийг мартаж байгаагүй. Мартахыг ч хүсдэггүй. Тийм болохоор надад найруулагч ямар дүр өгнө тэр дүрийг л амьдруулах нь миний үүрэг гэж боддог. Жүжигчин гэдэг бол ерөнхийдөө гүйцэтгэгч. Кинонд надаас өөр Монголын10 гаруй жүжигчин тоглоно. Гол болон туслах дүрүүд олон бий. Мөн олон улсын20 гаруй жүжигчин оролцож байгаагаараа онцлогтой. Ер нь киноны баг бүрэлдэхүүнд маш нарийн төлөвлөгөөтэй баг ажиллаж байгаа гэж хэлж болно. Миний хувьд бүгдийг нэгтгэж зохион байгуулах багахан үүрэгт ажлыг биелүүлээд явж байна.

 

-Таны бүтээсэн дүрүүд ихэвчлэн ширүүн, догшин, заримдаа эсрэг талын байдаг. Арай өөр эерэг талын дүр бүтээх юмсан гэсэн бодол бий юү?

 

-Би нийтдээ100 хол давсан тайз болон дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээсэн байна. Ихэвчлэн эсрэг талын ширүүн, догшин дүр бүтээсэн байдаг. Энэ нь миний биеийн өндөр, харц энэ тэртэй холбоотой гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Тийм эсрэг талын хүн шиг харагддаг юм байх даа/ инээв/. Би урлагт чин сэтгэлээсээ зүтгэж яваа уран бүтээлч хүн. Тийм болохоор өөрт оногдсон дүрээ л сайн гаргахыг нэн тэргүүнд тавьдаг. Надад ямар ч дүр өгсөн би бүтээнэ.

 

-Сүүлийн үед театрын уран бүтээлчид дэлгэцийн бүтээлд тоглох нь элбэг боллоо. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

 

-Хүмүүс жүжигчин гэхээр ерөнхийд нь авч үзээд нэг зүйл гэж ойлгодог. Энэ буруу. Ингэж бодож байгаа хүмүүсийн буруу биш л дээ. Сүүлийн үед аль аль тал руу орох нь ихэссэн. Үүнтэй санал нэг байна. Гэхдээ театрын жүжигчин, хошин урлагийн жүжигчин, киноны жүжигчид бүгд тусдаа ойлголт. Хамгийн их чадвар, чанар чансаа шалгадаг нь театр. Би театрыг "Тийм амархан барах хоол биш” гэж хэлэх дуртай.

 

-Таны уран бүтээлийн талаар нэлээд их ярилцлага, мэдээлэл гарсан байдаг. Уран бүтээлийн талаар гэхээс илүү орчин үеийн талаарх таны бодлыг асуумаар санагдлаа. Цахим хуудсаа хэр ашиглаж байна?

 

-Тийм шүү. Орчин үе өнгөтэй, сайхан байна. Нэг үеэ бодвол бүх зүйл чөлөөтэй энгийн, үзэл бодлоо зөвөөр илэрхийлсэн, залуус нь соёлтой, боловсон болсон байна. Гэсэн хэдий ч сайнтай муутайгаар сав дүүрдэг хорвоо. Орчин үед цахимаар мэдээлэл солилцох хэрэгсэл буюу фэйсбүүк, твиттерийг хүмүүс их ашиглах болсон. Би ч гэсэн энэ хоёрыг хэрэгцээндээ тааруулан ашигладаг. Хэрэгтэй үедээ ороод мэдээллээ хуваалцаж санал бодлоо солилцоно. Харин зарим хүмүүст энэ зүйл сөрөг хандлага, буруу ойлголтыг бий болгоод байгаа юм шиг санагдах юм. Мэдээлэл солилцох гэхээс илүү янз бүрийн зураг, буруу, зөрүү сенсаацтай мэдээлэл оруулж лайк цуглуулах хоббитой хүмүүс олон байна. Ялангуяа залуусын дунд ийм зүйл их ажиглагдах юм. Үүнд жаахан сэтгэл дундуур л байна.

 

-Та хөлбөмбөг хэр сонирхдог вэ. Танай хүүг Голландын хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог гэж сонссон?

 

-Спорт бол гайхамшигтай зүйл. Хаяа чөлөөт цагаараа янз бүрийн спортын төрлөөр тоглож, өөрийнхөө хэмжээнд хичээллэдэг. Хөлбөмбөгийг нэлээд сонирхож үзнэ. Хүү маань энэ жил13 нас хүрч байна. Бага байхдаа ээжтэйгээ гадаадад амьдрахаар болсон. Тэнд очоод ээж нь Голландын хөлбөмбөгийн сургуульд оруулсан байна лээ. Өөрөө ч тэрэндээ дуртай. Саяхнаас Голландын өсвөрийн шигшээ багт тоглох болсон. Хүүгээрээ их бахархдаг, өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд амжилттай яваад нь урамшдаг. Зав л гарвал онлайнаар холбогдож эцэг, хүүгийн дотно яриа өрнүүлдэг.

 

-Кинонд тоглох санал хэр ирж байна. Жүжигчин хүн өөрийгөө нөөнө гэж яридаг. Та өөрийгөө нөөсөөр байна уу?

 

-Надад бараг өдөр болгон кинонд тоглох санал ирдэг. Тэр болгонд би зөвшөөрдөггүй. Учир нь театрын уран бүтээлд цаг зав хүч, хөдөлмөр их ордог. Тиймээс өөр зүйлд сатаарч чадвараа хоёрдуулж болохгүй. Мөн жүжигчин хүн чиний хэлдгээр өөрийгөө нөөх хэрэгтэй. Надад жүжигчин хүний хувьд баримталдаг зарчим гэж бий.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Д.Нэргүй

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>