70000 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

827

70000 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

 

Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай Оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан билээ. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сангийн нээлт өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд боллоо.

Сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд зээлийг арилжааны банкууд олгоно. Ингэхдээ Оюутны хөгжлийн зээлийг энэ сараас эхлэн олгох юм. Улмаар энэ онд нийт 70000 орчим оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгохоор төлөвлөжээ. Тухайн их, дээд сургууль, коллежиос тогтоосон сургалтын төлбөрийн хэмжээгээр оюутны хөгжлийн зээлийг олгоно. Оюутнууд суралцах хугацаандаа улирал бүр оюутны хөгжлийн зээлийг авах боломжтой. 

Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй,  сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн хүүгийн дарамтгүй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл юм. Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээ бий болж байгаа нь оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр амжилттай суралцах, төгсөөд ажилтай, орлоготой болох хариуцлагыг бий болгох, өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд зорилготой аж.  Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлнэ.
 
Б.Орхон
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>