Ерөнхийлөгчөө огцруулсан солонгосчууд баярын жагсаал хийв
БНСУ-ын нийслэл Сөүл хотод өнгөрсөн шөнө баярын жагсаал гэмээр сүрт үйл явдал болж, хэдэн мянган хүн цугларахын сацуу салют буудуулж, оргилуун дарс тулган хөөрөлдлөө. Учир нь жагсагчдын эцсийн зорилго биелсэн буюу Ерөнхийлөгч Пак Гын Хег албан тушаалаас нь огцруулахаар болсны дараа тэд ийнхүү цэнгэн баярлалджээ.
Эдгээр жагсагчдын дунд сөрөг хүчний гишүүд, дэмжигчид олноороо байсан гэж "Ёонхап” мэдээлэв. Өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын төрийн тэргүүн Пак Гын Хег парламентын нэгдсэн санал хураалтаар авч хэлэлцэж, 234 гишүүний саналаар суудлаас нь буулгасан юм. Түүнийг тойрсон дуулиан шуугиан хэдэн сар үргэлжилж, найз Чой Сун Силд төрийн эрх мэдэл дураар олгож, төрийн үйл хэрэгт шургалан оролцох боломж олгосны сацуу томоохон компаниудаас "Хандив” нэрээр их хэмжээний бэлэн мөнгө авч түүнийг угаасан байж болзошгүй хэрэгт орооцолдсон билээ. Мөн Хөх ордонд бөө авч ирж, төрийн хэргийг асууж байсан гэх зэрэг болчимгүй үйлдлүүд нь Пак Гын Хед асар ихээр сөрөг үр дагавар авч ирлээ.
Өмнөд Солонгосын ард түмэн хэдэн долоо хоногийн турш төв талбайдаа жагсаж, хууль бус үйлдэл гаргасан Пак Ерөнхийлөгчийг огцрох хүртэл тэмцэхээ илэрхийлж байлаа. Тэд ч зорьсондоо хүрч дураар аашилсан төрийн тэргүүн ийнхүү шударга зарчимт өмнөд солонгосчуудын хараа, хяналтаас холуур өнгөрч чадсангүй.
Өчигдөр Сөүлийн төв талбайд дор хаяж 200 мянган хүн цуглаж, өнгөрсөн долоо хоногуудын тэмцлийнхээ үр дүнг тэмдэглэсэн аж.
Одоогоор БНСУ-ын төрийн тэргүүний суудлыг Ерөнхий сайд Хван Ки Ан залгамжилна.
Т.Бат