ТӨРИЙН ӨМЧИТ ТАВАН АЖ АХУЙН НЭГЖИЙГ 2017-2018 ОНД БҮРЭН ХУВЬЧИЛНА
Төрийн өмчит таван аж ахуйн нэгжийг 2017-2018 онд бүрэн хувьчлахаар төлөвлөж байна. Үүнээс гадна найман байгууллагын Төрийн өмчийн хувийг бууруулах бол зургаан байгууллагад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх боломжтой гэж үзэж буй.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын мэдээлснээр энэ чиглэлд компаниудад өргөн хэмжээний шалгалт хийж байгаа нь үргэлжилж, энэ оны эхний улиралд багтаан 29 компанид төлөвлөгөөт шалгалтыг үргэлжлүүлэх гэнэ.
Тус газар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн гурван сарын турш урьдчилсан төлөв байдлын шалгалтыг 87 аж ахуйн нэгжид хийгээд байгаа аж. Шалгалтаар "маш хангалтгүй дүнтэй" гарсан буюу 29 хуулийн этгээдийн өр төлбөр Төрийн өмчит ба оролцоотой 87 этгээдийн өр төлбөрийн дүнгийн 94.5-96.8 хувийг бүрдүүлсэн байжээ.
УИХ-ын 2017 оны Төсвийн тухай хуультай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 69 дүгээр тогтоолд үндэслэн аж ахуйн нэгжүүдийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар баталгаажсан 10.8 их наяд төгрөгийн өглөгийг бууруулах, Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компанийн зардлыг багасгах, тэдгээрт ажиллагсдын тоог 2012 оны түвшинд хүргэх чиглэлүүдийг баримтлах юм байна.
Хувьчлах үйл явцыг хамгийн нээлттэй, олон улсын жишгийн дагуу хийх явдал нь Хөрөнгийн биржээр арилжааг дамжуулах гэж үзэж байна. 25 жилийн түүхтэй Монголын Хөрөнгийн биржийг, мөн өрийг нь нээлттэй хувьчлах асуудал идэвхтэй яригдаж байна. Санхүүгийн үзүүлэлт талаас харвал тус бирж нь 2016 оны эхний хагас жилд 532.9 сая төгрөгийн орлого олсон боловч тайлант хугацаанд 613.2 сая төгрөгийн алдагдалтай гарчээ.