УИХ-ын бие даагч гишүүдийн рейтинг улс төрийн зарим намуудынхаас өндөр

1461
-Ц.Элбэгдорж шилдэг 10 улс төрчийн рейтингийг тэргүүлжээ –

"Эс Ай Си Эй” компани судалгаа хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг тодорхойлжээ. Тус судалгаанаас харвал өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, улс төрийн үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамж тийм ч өндөр биш байгаа дүр зураг харагджээ. Иргэдийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгмийн амьдралыг 16 хувь нь сайжирсан гэж үзсэн бол 58 хувь нь хэвэндээ, 23 хувь нь муудсан гэж үзжээ. Харин тулгамдаж байгаа асуудлыг дийлэнхи буюу 38 хувь нь авлига, архидалт гэж үзсэн бол цалин, тэтгэврийн хүрэлцээгүй байдлыг 33 хувь нь, амьжиргааны доройтлыг 27 хувь нь, байгаль экологийн тэнцвэр алдалтыг 23 хувь нь тулгамдсан асуудал гэж үзсэн байна. Энэ төр, засгийг хамгийн их буруутгаж байгаа эдийн засгийн нөхцөл байдалд ч иргэд дүгнэлт өгчээ. 

Сүүлийн хоёр жилд эдийн засаг хэрхэн өөрчлөгдөв гэдэгт 13 хувь нь сайжирсан гэж үзсэн бол 56 хувь нь хэвэндээ, 30 хувь нь муудсан гэж үзсэн аж. Харин сүүлийн зургаан сард эдийн засгийг 27 хувь нь сайжирсан гэсэн бол 54 хувь нь хэвэндээ, 18 хувь нь муудсан гэсэн байна. Эдийн засаг дотроо өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хамгийн их санаа зовоож байна гэж 67 хувь нь үзсэн бол ядуурлыг 66 хувь нь, валютын ханшийг 58 хувь нь тулгамдсан асуудал гэж харжээ. Харин энэ олон асуудал дунд явж байгаа Н.Алтанхуягийн Засгийн газарт дараахь үнэлгээг тэд өгчээ. Зургаан хувь нь маш сайн гэсэн бол 22 хувь нь сайн, 53 хувь нь дунд, 13 хувь нь муу, зургаан хувь нь маш муу гэж үнэлжээ. Сөрөг хүчний ажилд ч сайн үнэлгээ өгсөнгүй. Дөрвөн хувь нь маш сайн, 14 хувь нь сайн, 44 хувь нь дунд, 32 муу, зургаан хувь нь маш муу гэж МАН-ын үйл ажиллагааг дүгнэжээ. 

Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажлаас иргэдийн дийлэнхи буюу 63 хувь нь замын бүтээн байгуулалтыг сайшаасан бол 28 хувь нь бүсүүдэд эрүүл мэндийн төв байгуулсан, 18 хувь нь шинэ сум, 22 хувь нь ТҮЦ машин, 58 хувь нь орон сууцны 8 хувийн зээл, 28 хувь нь хотын ногоон байгууламж, тус бүр 16, 16 хувь нь үнэ тогтворжуулах хөтөлбөр, ил тод байдал зэргийг энэ Засгийн газрын хийсэн дорвитой ажлууд гэж эрэмбэлэн дүгнэжээ. Энэ дунд улс төрийн нөхцөл байдлын судалгаа илүү сонирхол татаж байна. Хамгийн түрүүнд улс төрийн намуудад өгөх итгэл нь нэлээд буурсан гэдэг нь иргэдийн судалгааны хариултаас харагдаж байгаа юм. Маргааш сонгууль болвол хэнд саналаа өгөх вэ гэдэг асуултад улсын хэмжээнд 34 хувь нь АН-д гэсэн бол 16 хувь нь МАН-д саналаа өгнө гэжээ. 

Харин парламентад суудалтай МАХН-ын рейтинг нэлээд доошилж, бие даагч гишүүдийн ард оржээ. МАХН-д долоон хувь нь саналаа өгнө гэсэн бол бие даагчдад 11 хувь нь саналаа өгөхөө илэрхийлжээ. Үүнээс гадна парламентад суудалтай ИЗНН, МҮАН-ын рейтинг дөнгөж тус бүр нэг хувьтай явна. Гэтэл сонгуульд саналаа өгөхгүй гэх иргэдийн хувь бүр 18 хувьд хүрсэн байна. Улс төрчдийн рейтингийг ч энэ судалгаа гаргажээ. Улсын хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 41 хувьтай тэргүүлж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг 38 хувьтай удаалж, түүний араас УИХ-ын гишүүн С.Ганбаатар 35 хувь, хотын дарга Э.Бат-Үүл 27 хувь, УИХ-ын гишүүн С.Оюун 27 хувь, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 22 хувь, Шадар сайд Д.Тэрбишдагва 20 хувь, Сангийн сайд Ч.Улаан 18 хувь, УИХ-ын гишүүн Х.Баттулга 17 хувь, УИХ-ын гишүүн асан С.Баяр 17 хувьтай шилдэг 10 улс төрчид багтжээ. 
Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>