Коксжих нүүрс алтнаас ашигтай боллоо ч төмөр замгүйгээр ашиг олохгүй
Дэлхийд коксжих нүүрснийхээ чанараар тэргүүлдэг Австралййн зүун хойд эрэг орчмыг хар салхи дайрч, дэд бүтцэд нь гэмтэл учруулав. Тодруулбал, ВНР Billiton болон Пийбоди Энержи зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн төмөр зам хөрсний нуралт, аадар борооны улмаас эвдэрч гэрээгээр заасан хугацаанд нүүрс нийлүүлж чадахгүй болсноо зарлаад байна. Үүнээс үүдэн коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр өссөнийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэх болов. Одоо Австралид уурхайгаас нүүрсийг боомтод хүргэхтэй холбоотой засварын ажил хийгдэж байгаа бөгөөд Хятад, Японы зах зээлд хүргэхэд арав гаруй хоног зарцуулж байгаа аж. Австралид үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шинжээчид эрчим хүчний гурван сая тонн, ган хайлуулах үйлдвэрийн 15-20 сая тонн нүүрс саатаж болзошгүй гэж үзээд байгаа юм байна. Тиймээс Австралийн нийлүүлэлт багасаж, Хойд Америк, Монгол, ОХУ-ын экспорт нэмэгдэх боломжтой боллоо гэдгийг гадаадын хэвлэлүүд бичиж эхэллээ.
Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар коксжих нүүрсний үнэ тонн нь 283 ам.доллар болж, нэг өдрийн дотор 34 хувиар өслөө. Энэ ханш цаашид өсч 300 ам.доллар болох хандлагатай байгааг шинжээчид хэлж байна. Азаар ч гэх үү, эзээр ч гэх үү Австралид тохиолдож байгаа энэ үйл явдал манайд хонжоо авчирч байгаа нь үнэн. Харин үүнийг ашиглах нь нүүрс экспортлогчид болоод төр засгийн яаралтай шийдэх ажил. Австралид болж буй үйл явдал удаан үргэлжлэхгүй нь лавтай. Удахгүй үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Харин манайхан байгалийн гамшигт баярлаад суух биш олон жил ярьсан төмөр замаа барих хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна.
НҮҮРСЭЭ ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ГАРГАХАД ТӨМӨР ЗАМ ХЭРЭГТЭЙ
Манай нүүрсний уурхайнууд жилд дунджаар 70-80 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай. Үүнээс ч илүү нүүрс гаргах боломж байдаг ч төмөр замгүйгээс болж хүссэн хэмжээгээр гаргаж чадахгүй байгаа юм. Тодруулбал, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Булган, Бичигт, Хангийн гэсэн таван боомтоор Монголын 15 нүүрс экспортлогч уурхай нүүрсээ экспортлодог. Тэд жил болгон өөрсдийн хүчин чадлаасаа хамаарч мөрөөдлийн тоогоо гаргадаг. Тодруулбал, 30-50 сая тонн нүүрс гарна гэж төсөөлдөг. Харин БНХАУ энэхүү төсөөллөөс нэлээд бага буюу 15-20 сая тонныг л худалдаж авдаг байна. Түүнээс гадна боомтын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл, боомтоор хангалттай тооны ачааны машин өнгөрч гардаггүй. "Боомтоос гадна худалдан авагчийн бодлого ч нөлөөлдөг. БНХАУ жилдээ "70-80 сая тонн коксжих нүүрс гаднаас авна” гээд хэрэглээгээ тооцлоо гэхэд . Монголоос 15-20 сая тонн нүүрс авдаг. Хэдийгээр боломж нь байсан ч нэг хэсэг болих ч юм уу, ямар нэгэн байдлаар хөшүүргээ барьдаг” гэдгийг салбарынхан нь хэлдэг. Тиймээс өмнөд хөрш рүу нүүрсний хэрэгцээ байвал хямд ч болов гаргадаг нь нууц биш. Манай улс өнгөрсөн онд нийтдээ 25 сая тонн нүүрс экспортлосон. Харин энэ жил 23 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төсөлд тусгаад байгаа юм. Гэвч уул уурхайн компаниуд 50 орчим сая тонн нүүрс экспортлох сонирхолтой байгаа гэнэ. Тиймээс төмөр зам барьж, хүссэн хэмжээгээрээ экспортлох нь уул уурхайн компаниудын мөрөөдөл болоод байгаа юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих асуудлыг ярьж байгаа ч тодорхой ажил хэрэг болоогүй байна.
ХЯТАДУУДАД "ДӨНГӨЛҮҮЛЭХГҮЙ” ЮМСАН
Өнөөдрийн байдпаар Монголд коксжих нүүрсний олборлолтоороо "Эрдэнэт-Тавантолгой”, МАК, "Саусгоби сэндс”, "Энержи ресурс”, орон нутгийн "Тавантолгой”, "Шиньхуа Мак” зэрэг компаниуд тэргүүлж байна. Нүүрсний лицензтэй 240 гаруй компани байгаа ч нүүрсээ экспортод гаргаж байгаа цөөхөн хэдэн компани байна. Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг Монгол бүрдүүлдэг. Нүүрсний нийт экспортод эзлэх хувь 2015 онд 12 байсан бол өнгөрсөн оны эцэст 16 хувь болж өссөн. Энэ нь экспортын хэмжээ болон үнэ өссөнтэй холбоотой бөгөөд Монгол Улс дэлхийн нүүрс экспортлогч 15 дахь орон болсон юм. Цаашид нүүрсний хэрэглээ, үйлдвэрлэлээ өсгөх хандлагатай гэж судлаачид дүгнэдэг. Монгол Улс 2017 оны эхний улиралд нэг тонн коксжих нүүрсийг 70 гаруй ам.доллараар нийлүүлж байгаа юм. Австралийн нүүрсний нийлүүлэлт саарч байгаа энэ үед Монгол нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, үнэ өсөх нөхцөлүүд үүснэ. Энэ боломжийг харин хэрхэн ашиглах вэ гэдэг нь тодорхойгүй байна.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Зүүн Цанхийн олборлолтоо зогсоож, Баруун Цанхид л олборлолт явуулж байгаа. Монгол Улс дэлхийн зах зээлд гарч байгаа богино хугацааны боломжийг ашиглахын тулд Тавантолгой Баруун, Зүүн Цанхид зэрэг олборлолт явуулах хэрэгтэй юм. "Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос хойш төлсөн "Чалько”-гийн 350 сая ам.долларын өрийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд барагдуулсан. Ийнхүү нүүрсээр төлөх өрөө бүрэн барагдуулж дууссан ч "Эрдэнэс Тавантолгой”, "Чалько” компанийн хооронд байгуулсан гэрээ дуусаагүй. Гэрээний хоёр дахь хэсэгт Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг зөвхөн "Чалько”-д нийлүүлнэ гэсэн заалт. Өөрөөр хэлбэл, 2017-2022 он хүртэл таван жилийн турш "Чалько”-д дөнгөлүүлнэ гэсэн үг. Нүүрсний үнээ хоёр тал тохиролцох ёстой ч тодорхой шалтгааны улмаас тохиролцож чадахгүй байгаа гэдгийг "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага мэдээлсэн. Тиймээс Зүүн цанхийн олборлолт зогсоод байгаа юм.
ЗЭРВЭСХЭН ҮЗЭГДЭЖ БУЙ ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР
Хятадын Засгийн газар Хойд Солонгосоос импортлох нүүрсэнд хориг тавьсаны улмаас 24-32 сая тонн эрчим хүчний нүүрс авах орон зай бий болсон гэдгийг салбарын мэргэжилтнүүд дуулгаж байна. Түүнчлэн сүүлийн үед Тяньжин, Шаньдунд нүүрсний шинэ эрэлт бий болоод байгаа. Үүний хүрээнд нүүрс худалдах гэрээ хэлцэл хийж эхэлжээ. Энэ бүс нутагт одоогоор манайхтай өрсөлдөх нийлүүлэгч байхгүй гэдгийг мөн хэллээ. ОХУ-ын хувьд Алс Дорнодоор дамжуулан төмөр замаар нүүрс тээвэрлэх ч зай нь хол учир үнийн хувьд манайхтай өрсөлдөх боломж бага гэнэ. Бас нэгэн сайн мэдээ гэвэл, Дорноговь аймгийн Даланжаргалангийн нутаг Алаг тогоогийн бүлэг ордын нэгэнд тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Чингисийн хар алт” компани Хятадын талтай тохиролцож, Тяньжин руу нүүрс тээвэрлэхээр болсон байна. Энэ мэтчилэн таатай мэдээ цөөнгүй байна. Ямартай ч "Чалько”-той хийсэн гэрээг эргэж харах, төмөр замаа нэн тэргүүнд тавих хэрэгтэйг эдийн засагчид анхааруулж байна. Энзхүү үүлэн чөлөөний нарыг ашиглах хэрэгтэй. Дэлхийн банкны шинжээчид 2017 оны дунд үеэс эхлэн нүүрсний үнэ хямдарч, 2019, 2020 он хүртэл төдийпөн сэргэхгүй гэж төсөөлөөд байгаа билээ.
ХАМГИЙН ТҮРҮҮНД ТӨМӨР ЗАМАА БАРЬ
Коксжих нүүрсний үнэ өсч байгаа зэрвэсхэн боломжийг хэрхэн ашиглаж болох талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.
MICC компанийн захирал, эдийн засагч Д. АЧИТ-ЭРДЭНЭ: ТӨМӨР ЗАМАА БАРИВАЛ НҮҮРСЭЭ ДЭЛХИЙД ӨНДӨР ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ
-Энэ өсөлт удаан үргэлжилнэ гэж бодохгүй байна. Өмнө нь Австралид үер болж байсан. Энэ үеийг ашиглаж чадаагүй. Одоо Австралийн уурхайнуудын үйл ажиллагаа нь жигдрээд буцаад ажиллах байх. Удаан үргэлжлэхгүйгээр барахгүй нийлүүлэлт нь нэмэгдэнэ гэж бодож байна. Бидний хувьд нүүрсээ үнэд оруулахын тулд байгалийн үзэгдлийг хүлээж суух биш төмөр замаа барих хэрэгтэй. Хятадаас өөр хоёрдахь зах зээл дээр гаргах боломжоо хурдан олох хэрэгтэй байна. Төмөр замаа баривал нүүрсээ далхийд өндөр үнээр борлуулах боломжтой гэж бодож байна. Коксжих нүүрс бол байгальд байдаг ховор элемент. Тэр нь Австрали, манай хоёрт байгаад байх шиг байгаа юм.
Миний хувьд коксжих нүүрсний үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр энэ тэрд нэг их итгэдэггүй. Манайх тийм их хэмжээгээр угааж боловсруулж чадахгүй.’ Нэгж бүтээгдэхүүний өртөг аяндаа нэмэгдэж байгаа. Хятадын боловсруулах үйлдвэрийн хүчин чадал хэрэглээнээсээ илүү байдаг. Тэгэхээр тэнд боловсруулах нь хамаагүй хямд. Эндээ боловсруулья гээд өрсөлдөх нь тийм ч сайн арга биш.
судлаач Д.ТЭГШБАЯР: САЙН ЧАНАРЫН НҮҮРС НИЙЛҮҮЛЭГЧДЭД БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Нүүрсний үнэ өснө гэж олон удаа дээр дооргүй ярьж байсан. Гэхдээ яг өсөөд ирэхэд юу хийх вэ гэдэг дээр бэлтгэлгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ өсөлт түр зуурын явц байх магадлалтай. Зах зээлийн нөхцөл байдал эерэг төлөвтэй харагдаж байгаа учраас аль болох олон компанитай гэрээ байгуулан нүүрсээ их хэмжээгээр гаргах, сайн чанарын нүүрс нийлүүлэгчдэд боломж олгох зэргээр боломжийг ашиглах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр төмөр зам бэлэн болохоос өмнө хийгдэж болох нэг ажил бол хилийн боомтын ачааллыг бууруулах, шилжилтийг хурдан шуурхай болгох хэрэгтэй байна. Мөн түүхий биш боловсруулсан нүүрс гаргадаг болбол илүү ашигтай. Уг нь төрөөс хувийн хэвшилдээ түшиглээд, хамтраад ажиллавал энэ зорилтод хүрэхэд эдийн засгийн дарамт багатай шийдвэрлэх юм болов уу гзж эдийн засагчид харж байна. Гол нь нүүрсний үнэ өсч байгаа үед зардлын хуваарилалтыг зөв хийх хэрэгтэй гэж тэд үзэж байна.
У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/