ДЭМБ-ААС ГАХАЙН УТСАН МАХ, ХИАМ ЗАЙДАСНААС ТАТГАЛЗАХЫГ АНХААРУУЛЛАА

841

ДЭМБ-ААС ГАХАЙН УТСАН МАХ, ХИАМ ЗАЙДАСНААС ТАТГАЛЗАХЫГ АНХААРУУЛЛАА

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гахайн утсан мах болон түүнтэй ижил аргаар боловсруулж, үйлдвэрлэсэн хиам зайдас зэрэг махан бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийхийг анхаарууллаа. Тус байгууллагын мэдээлснээр эдгээр нь хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж. Тодруулбал дээрх бүтээгдэхүүн нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг өндөрсгөдөг байна. Мөн цусны холестериний төвшинг ихэсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай дэлхий дахинаа мэддэг ч энэ удаа ДЭМБ-аас албан ёсны мэдэгдэл, сэрэмжлүүлэг өгсөн байна.

 
ДЭМБ-ын Хорт хавдар судлалын олон улсын агентлаг 800 гаруй судалгааг 22 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилжээ. Судалгаанд өдөр бүр 50 грамм боловсруулсан мах хэрэглэдэг хүний хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүнийхээс 18 хувиар илүү байдаг болох нь тогтоогдсон аж. Тэдгээр нь ихэвчлэн нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдар байсныг олж илрүүлжээ. Боловсруулсан маханд хадгалах хугацааг уртасгаж, амтыг нь өөрчлөх бодисууд хольдог нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
 
Дашрамд дуулгахад, Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо өчигдөр эхэлсэн. Чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож, "Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” чиглэлээр санал бодлоо солилцож байна.

Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>