Тусгай хяналтын дэд хорооны гишүүд АТГ-т ажиллав
УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболд, тус дэд хорооны гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, Я.Санжмятав, Г.Занданшатар нар 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газарт ажиллав.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж болон хэлтэс, албадын дарга нар Улсын Их Хурлын гишүүдэд ажлын нөхцөл байдлаа танилцуулж мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажиллагааны явц, үр дүн, тулгарч буй хүндрэл, бэрхшээл зэрэг тодорхой асуудлаар харилцан санал солилцлоо.
Улсын Их Хурлын гишүүд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах болон Гүйцэтгэх ажлын хэлтсийн албан хаагчдын ажиллах нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, ажилтан албан хаагчдын санал бодлыг сонсож ярилцан, Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, олны анхаарал татсан томоохон хэргүүдийг хуулийн дагуу, шударгаар, аль болох богино хугацаанд шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөж, хүнд хэцүү албанд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэдгийг илэрхийлсэн байна.
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь хуульд зааснаар төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй.
Эх сурвалж: АТГ.мон