М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр нууц уулзалт хийнэ гэв үү?

1085

Өдгөө Ерөнхийлөгч болсон Х.Баттулга сонгуулийн мэтгэлцээний төгсгөлд М.Энхболдын цаана Ц.Элбэгдорж байгаа гэсэн утгатай зүйлийг хэлж байсан билээ. Тэгвэл ойрын өдрүүдэд М.Энхболд, Ц.Элбэгдорж нарыг Хөвсгөлд уулзахаар болзоод байгаа гэх мэдээлэл гадагшлах болов. МАНАН-гийн гол хөдөлгөгч хүч, цөм болсон нөхдүүд уулзах гэж байна гэгдэх болов. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын уулзалтад Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Т.Бадамжунай нар оролцоно гэх бор шувуу хэдийнэ нисээд эхэлжээ.

М.Энхболдын тухайд хэдийгээр МАН-аа даргалж, УИХ-ийн сонгуульд ороод, 65 суудал дагуулсан ч, саяны сонгуулиар өвдөг шороодлоо. Ялсан ч, ялагдсан ч бай сонгуулийн дараа үр дүнгээс хамаарч хариуцлага ярина гэдгийг Ц.Нямдорж хэлсэн. Дөнгөж сонгуулийн маргаашнаас эхлээд тэмцэл нь сэдэрч дуулдсан У.Хүрэлсүх М.Энхболд муудсан барьсан юм байхгүй гэсэн ч, бас л хариуцлагын асуудлыг ярих ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Ерөнхийдөө бол МАН-ын хотын бүлэглэл нэлээд адармаатай байдалд ороод буй. М.Энхболдыг явуулах нь МАН-ын маргааш ашиггүй тусах уу, эсвэл ашиггүй тусах мэт ойрын хугацаандаа харагдавч, хэтдээ зөв алхам болох уу гэдэг нь анхаарал татаж буй. М.Энхболдын оронд ирэх хүн нь түүнээс аюулгүй, хал бал багатай байж чадах уу гэдэг нь чухал биз ээ.

У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбаттай   тэмцэлдээд байгаа мэт харагдавч, угтаа бол М.Энхболдтой тэмцэлдэж буй гэдэг нь тодорхой зүйл билээ. М.Энхболд намын даргаар байгаа цагт У.Хүрэлсүхийг ЕС болгох хүсэлгүй. Тэгж гарын дор хүнээрээ арслан бар шиг ширүүн амьтныг тавина ч гэж юу байхав. Гэхдээ түүний байр суурь ийн ганхаж эхэлсэн үед У.Хүрэлсүх реформын чанартай нүүдэл хийж болно.

Иймэрхүү цаг үед М.Энхболд Ц.Элбэгдоржтой болзоод байна. Х.Баттулга Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон З.Энхболд твиттер хуудаснаа  "Сонгуулиар нэр дэвшигч Х.Баттулгыг муулж, М.Энхболдыг магтаж, цагаан хуудас уриалаад байсан нөхдүүд Элбэгдоржийн зөвлөхүүд байж, өнөөдөр л мэдлээ. Зарим зөвлөхүүд нь” хэмээн жиргээд авсныг энэ дашрамд тодотгоё.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>