А.Ганбаатар: 60 тэрбумын схемийг ярихад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан

1057

А.Ганбаатар: 60 тэрбумын схемийг ярихад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан

Төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудалд холбогдоод байгаа Шинэ Монгол Хаадууд группын захирал А.Ганбаатар өмгөөлөгчийн хамт хэвлэлд анх удаа мэдээлэл өгөв. Тэрээр иргэн Г.Доржзодовын илчлээд байгаа төрийн албыг наймаалцах 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэдгийг хэлэв. Мөн Г.Доржзодов 2016 оны сонгуулийн өмнө ОХУ-д ашиглагддаг, 2012 оны сонгуулиар АН энэхүү схемийг нь ашиглаж байсан хэмээн танилцуулсан гэсэн юм.

Энэ үеэр өмгөөлөгч Энхтайван "Анх 60 тэрбумын гэх хоёр минутын бичлэг УИХ-ын сонгуулийн өмнө олонд ил болоход хууль хяналтын байгууллагуудад гомдол гаргаж шалгуулсан. Тухайн үед АТГ шалгасан, бичлэгийг эвлүүлэг гэдгийг шүүх шинжилгээний хүрээлэнгээс тогтоосон учраас прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хоёр намынханд энэ шийдвэрийг хүргэхэд тухайн үед ямар нэг байдлаар гомдол гаргаагүй. А.Ганбаатар өөрийнхөө нэр төрд халдлаа хэмээн шүүхэд хандахад энэ оны зургадугаар сард эх сурвалж тодорхойгүй, эвлүүлэг хийсэн материалаар нэр төрд халдлаа гэж шийдвэрлэсэн. Хэтэрхий их улстөржүүлээд яахав гэдгээр хандсан. Хуулийн байгууллага шалгаж шийдвэрлэсний дараа асуудлыг тавина” гэв.

Харин А.Ганбаатар "Миний бие МАН-ын гишүүн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сануйгийн зөвлөхөөр ажилладаг. Жил гаруй хугацаанд хууль хяналтын байгууллагад тайлбар мэдүүлэг өглөө. Дээрх газруудаас хэрэг шалгаж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахгүй гэсэн учраас мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Энэ байдал хэрээс хэтэрсэн учраас өнөөдөр бодит байдлыг хуулийн хүрээнд хэлэхээс өөр аргагүй болсон учраас хоёрхон зүйлд тайлбар өгье. Г.Доржзодов өөрийнхөө хийсэн санхүүгийн схемээ бидэнд санал болгож танилцуулсан. Гэтэл өөрийнхөө хийсэн юмыг биднийг хийсэн болгоод олон удаагийн уулзалтын бичлэгийг нийлүүлээд эвлүүлэг хийсэн байна. Санхүүгийн схемийг надад олон удаа танилцуулсан мөртлөө одоо надад тийм мэдлэг чадвар байхгүй гэж яриад байгаа.

Шинэ Монгол Хаадууд группын дөрөвдүгээр давхар уулзалт болсон нь үнэн. Г. Доржзодовын хийсэн төлөвлөгөөг ярилцахад одоогийн бичлэг дээрх МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй нар байгаагүй. Нийслэлийн МАН-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох талаарх төлөвлөгөө, үйл ажиллагааг ярихад Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар байсан. Өнөөдөр зөвхөн зургийг нь авчирлаа. Энэ үеэр Г.Доржзодов төлөвлөгөөгөө танилцуулсан. Гэтэл эдгээр хүмүүс яагаад өнөөг хүртэл дуугарахгүй, үнэн бодит мэдээллийг өгөхгүй байгаа юм бэ. Би Доржзодовын танилцуулсан схем төлөвлөгөөг сонссон үзсэн нь бурууддаг юм бол хамт байсан хүмүүс буруудахгүй байгаа юм бэ. Яагаад Г.Доржзодовын өөрийнх нь яриа байхгүй байгаа юм.

Г.Доржзодовын санхүүгийн схемийг надад бүр нарийвчлаад танилцуулсан. Би нэг ч удаа төрийн албанд ажиллаж үзээгүй, санхүүгийн өндөр мэдлэггүй учраас ойлгоогүй. Гэхдээ хоорондоо тэрийг нь яриад тоглож байсан юм бий. Бизнесийн байгууллагад 20 гаруй жил ажиллалаа. Ямар нэг байдлаар улс төрийн үйл ажиллагаа явагдахаар янз бүрийн бичлэг гаргаж ирдэг юм бэ. Шударга хүн бол уулзалтад оролцсон бүх хүмүүсийн бичлэгийг гаргах ирэх хэрэгтэй. Г.Доржзодов татварын ерөнхий газар дарга, газар хэлтэст нь ажиллаж байсан, нэр дэвшигчийн зөвлөхөөр ажиллаж, намд тодорхой албан тушаал хашиж байсан юм билээ.

Г.Доржзодов надад анх санхүүгийн схемийг танилцуулахдаа ОХУ-д хэрэглэгддэг, мөн 2012 он АН хэрэглэсэн учраас 2016 онд болох хүчтэй сонгуулиар танай нам ашиглаад явбал ялах магадлал өндөр гээд намын удирдлагуудад тайлбарлаж танилцуулж өгөх талаар удаа дараа надтай уулзсан. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас үүнээс цаашхыг ярих боломж алга. Шалгаж дууссаны дараа дэлгэх баримт материалууд байгаа. Олон жил нөхөрлөсөн Ц.Сандуйтай өнөөдрийг хүртэл уулзаж чадахгүй явна, намынхаа байраар орох эрхгүй болтлоо доромжлуулж явна” гэсэн юм.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Намайг цагдан хориогүй" гэсэн мэдэээллийг өгөв.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>