ВЕНЕСУЭЛЬ УЛС ДОЛЛАРААС ТАТГАЛЗАЖ БАЙНА
-Америк долларын ноёрхолд цэг тавьсан бас нэг алхам ил боллоо. Венесуэль улс нефть болон нефтийн төрлийн бүтээгдэхүүнийхээ төлбөрийг ам.доллараар авахаас татгалзаж байна-
"Wall Street Journal” сэтгүүлд мэдээлснээр Венесуэлийн төрийн өмчит нефтийн компани болох "PDVSA” АНУ-аас тавьсан хоригоос зугтах оролдлого хийж, түншүүддээ евро болон бусад валютаар тооцоо хийх саналтай байгаагаа мэдэгдлээ. Төлбөрийн энэхүү шинэ бодлогын талаар албан ёсоор зарлаагүй ч өнгөрсөн баасан гарагт дэд ерөнхийлөгч Тарек Эль Айссами энэ тухай хөндөж байсан билээ.
Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро ч мөн Венесуэль улсыг евро, Оросын рубль, Хятадын юань, Энэтхэгийн рупий, Японы иень зэрэг бусад валютыг ашиглах болно гэж мэдэгдсэн. Тэрбээр "Венесуэль улс олон улсын төлбөрийн шинэ систем нэвтрүүлж, юань, иень, рупий зэрэг олон улсын чөлөөтэй хөрвөгч валютаар валютын сагсаа доллараас чөлөөлөх гэж байна. Ингэснээр манай улсын хүн амыг боомилж буй долларын дарлалаас чөлөөлөгдөнө” гэж мэдэгджээ.
Венесуэль нь дэлхийд нефтийн нөөцөөрөө хамгийн томд ордог улс билээ. Гэвч тус улс нефтиэ хангалттай хэмжээнд олборлож чаддаггүй. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улс хоногт дунджаар хоёр сая баррель нефть олборлож байна. Үүнээс 1.2-1.3 сая орчим баррелийг нь экспортод гаргадгаас ихэнхийг нь АНУ руу экспортолдог аж. АНУ Венесуэлиэс өдөрт дунджаар 725 мянган баррель нефть худалдан авдаг.
Үүнээс гадна дэлхийн нефтийн зах зээлд тун удахгүй томоохон өөрчлөлт гарч болзошгүй байна. Тун удахгүй Шанхайд юаниар, боломжтой бол алтаар хөрвүүлэг хийх боломжтой фьючерс гэрээ хийгдэх төлөвтэй байна. Хятад улс нь дэлхийн хамгийн том нефть импортлогч орны тоонд ордгийн хувьд энэхүү гэрээ нь худалдаачдын хувьд шинэлэг үзэгдэл болох юм. Гэхдээ уг гэрээ одоохондоо зөвхөн Азид л төвлөрнө. Тухайлбал, ОХУ Хятадад нефтиэ худалдаж болох бөгөөд юанийг алтанд хөрвүүлж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл заавал юаниар тооцоо хийх, эсвэл хар алтны худалдааны орлогоо ам.долларт шилжүүлэх шаардлагагүй болох аж.
Shanghai International Energy Exchange өнгөрсөн зургаа, долоодугаар сард шаардлагатай бэлтгэл ажлаа явуулж, туршилтын худалдаагаа хийсэн. Харин одоо оролцогчдыг сургах ажиллагаандаа орсон аж. Энэ бол Хятадын хувьд хөрөнгө оруулалтын сан, худалдааны ордон, нефтийн компаниуд гэх мэтчилэн гадаадын компаниудад нээлттэй барааны фьючерс гэрээ хийж буй анхны тохиолдол.
Энэхүү фьючерс гэрээ АНУ-ын гадаад бодлогод илт дургүйцлээ илэрхийлдэг Венесуэль, Иран, Катар зэрэг орнуудын сонирхлыг ихэд татаж байна. Сонирхуулахад фьючерс гэрээ гэдэг нь тодорхой нэр төрлийн стандартчилагдсан бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ юм.