Зүсээ хувилгасан хулгайчид олширлоо

968
 
 Зүсээ хувилгасан хулгайчид олширлоо

18 настай М дөрвөн жилийн хугацаанд 60 гаруй автомашин хулгайлжээ. Ингэхдээ хулгайлсан машинаа унан нэг газраас нөгөө газарт хүрээд, тэнд нь орхичихдог аж. Хэдий хулгайлсан машиныхаа эд ангийг нь борлуулж, ашиг олдоггүй ч машин доторх мөнгө болох боломжтой эд зүйлс (гар утас, нөүтбүүк, хэтэвчин доторх мөнгө гэх мэт )-ийг авч, ченжүүдэд худалддаг байж. Тэрбээр хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 7-нд нэг машин хулгайлсан гэх.

Ийм олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэрэгтэн нэг удаа ч баригдаж байгаагүй нь хачирхалтай. Түүний үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ба энэ төрлийн гэмт хэрэгт оноох шийтгэл нь 5-12 жил хорих ял байдаг аж. Сэжигтэн М яагаад автомашин хулгайлдаг байсан талаар цагдаад мэдүүлэхдээ "Би"Чита” гэдэг pc тоглоомонд донтчихсон. Тэр тоглоомонд автомашин хулгайлж, цагдаа нартай хөөцөлдөж, зугтаадаг юм. Тэгээд л өөрөө амьдрал дээр бодитоор хэрэгжүүлмээр санагдаад машин хулгайлдаг болсон” гэв.

Орчин цагийн хулгайчид ганган хувцастай, соёлтой төрхтэй болсон

Энэ жишээн дээр үндэслэн цагдаагийн байгууллагаас гаргасан нэгэн судалгааг дурдъя. Улсын хэмжээнд гарч буй нийт хулгайн гэмт хэргийн дийлэнхийг архи, хар тамхи, pc болон мөрийтэй тоглоомонд донтогчид үйлддэг аж. Тэд архи, тамхи, хүүхэн худалдан авах гэх мэт өөрийн хэрэгцээгээ хангахын тулд бусдын халаасыг тэмтэрч, орон байрыг нь тонодог аж. Дээхэн үед хулгайчдыг ноорхой хувцастай, унхиагүй, залхуу хүмүүсээр төсөөлдөг байлаа. Тэгвэл орчин цагийн хулгайчдын төрх тэс өөр.

Тэд ганган хувцастай, соёлтой төрхтэй. Хэл яриа нь ч хөгжчихсөн. Үүнийг батлах жишээ дурдвал билэгжүү айлын хүүхдүүд баймаар хоёр залуу АШУИҮС руу ороод ердөө хоёр цагийн дотор 10 гар утас хулгайлсан хэрэг гарчээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ ченжүүдэд зарж, өдөрт хамгийн багадаа нэг сая төгрөг олдог байсан нь тогтоогджээ. Ер нь хулгайчдын хамрах хүрээ хязгааргүй. Халаас, орон байр, мал, машин… цаашлаад төсөв, тендер гээд үргэлжилнэ.

Гадаад дахь Монголын хулгайчдыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн 10 жилийн хугацаанд 5-10 хувийн өсөлт эсвэл бууралттай гардаг байсан аж. Гэтэл 2017 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт 34 хувиар огцом нэмэгдэж, нэг жилд бараг 50 хувь өссөн байна. Тэгвэл гарч буй хэргийн дийлэнхийг халаасны буюу гар утасны хулгай эзэлж байгаа юм. ЦЕГ-ын статистик судалгаагаар жилд 19 тэрбум төгрөгийн эд зүйл хулгайд алдагдаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Ингэж огцом өссөн шалтгаан нь нийгмийн суурь үзүүлэлт болох ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой гэсэн тайлбарыг хэлж байна.

Хамгийн гол нь хулгайн эд зүйлийг хямд үнээр авдаг, хулгайг өөгшүүлдэг бүлэг этгээдүүд байгаа төдийгүй сүлжээ үүсчихсэнд асуудлын гол оршино. Ченж нэртэй "цагаан” гартай луйварчид хулгайчдаас хямд үнээр гар утас, автомашины эд анги гэх мэт үнэт эд зүйлийг худалдан авч, өнгө зүсийг нь хувирган хар зах зээл дээр нийлүүлж байна. Ченжүүдээс гадна хулгайг өөгшүүлэгчид бол ломбардны үйлчилгээ эрхлэгчид. Хулгайчид буруу гараар олсон зүйлээ хамгийн түрүүнд ломбарданд тавьдаг.

Улаанбаатар хотод 500 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нэлээд их хэмжээний мөнгө эргэлддэг гэсэн тооцоо бий. Ийн хаа сайгүй хулгай нүүрлээд буй цөвүүн цагт иргэд өөрсдөө л сонор сэрэмжтэй байж, эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэхээс өөр сонголт байхгүй. Тэрчлэн хулгайн гэмт хэрэг 14-60 насныхан дунд зонхилж байгаа нь эр, эм, хөгшин залуугүй хулгайчид болсныг илтгэнэ. Санаанд ч багтамгүй нэг зүйл сонсогдсон нь сүүлийн үед тэтгэврийн насныхан хулгай хийдэг болсныг цагдаа нар онцлон хэлж байна. Учрыг лавлахад хөгширсөн хүнийг хэн ч яаж ч чадахгүй гэсэн сэтгэхүйгээр дэлгүүр, ялангуяа хүнсний дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн хумсалдаг гэх.

Фэйсбүүк хуудасны "Хулгайчаас салцгаая” бүлгэмд тавьсан видео бичлэг дээр 4-5 эмээ нар, ач зээгээ дагуулаад дэлгүүрээс шоколад хулгайлж байгаа нь камерт бичигдсэн үлдсэн байсан. Мөн хэн ч тэднийг хараад хулгайчид байна гэж сэжиглэхээргүй, 40 орчим насны эхнэр, нөхөр хоёр хамтран дэлгүүрээс хэрхэн бараа хулгай хийж байгаа бичлэг тус бүлгэмд тавигдсан. Эхнэр нь нөхрөө халхалж, нөхөр нь дэлгүүрийн лангуун доторх оймсыг багц багцаар нь өмднийхөө ар тал руу чихэж байгаа бичлэг олон хүмүүсийн жигшлийг төрүүлсэн. Яагаад нас хүйс, нийгмийн давхарга үл харгалзан нийтээрээ хулгайч нэр зүүхэд хүрээд байна вэ гэсэн асуултад сэтгэлзүйчид ийн хариулж байна.

Жилд 19 тэрбум төгрөгийн эд зүйл хулгайд алдагдаж байна

"Монгол хүн бүр хулгай хийчихье гэсэн бяцхан сэдэлтэй явдаг. Заримдаа өөрөө ч мэдэлгүй хийсэн байдаг. Жишээлбэл, би ямар нэг зүйл бичиж тэмдэглэх гэтэл бал олдохгүй байя. Гэтэл хажуугийн ширээний эзнээс зөвшөөрөл авалгүй балыг нь тэр чигт нь авчихлаа. Нэг муу бал гэсэн сэдлээр гаргасан үйлдлээ үл тооно. Гэтэл Японд хэрэв ийм үйлдэл гаргавал хүмүүс тэр хүнийг жигших жишээтэй. Тиймээс багаас нь хүний юмыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэсэн хүмүүжлийг суулгах ёстой” гэсэн юм.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Б.Чулуунтамир: Хулгайтай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах хэрэгтэй

Хулгайн гэмт хэрэг өсөх болсон шалтгаан, нөхцөлийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.

-Нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн хэрэг өсөх шалтгаан нь юу вэ? 
-Хулгайн гэмт хэрэг өссөн нь ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Гэхдээ 2017 оны долдугаар сарын 1-нээс Эрүү болон Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулиар хулгайн хэргийг мөрдөн шалгах үйл явцад өөрчлөлт орсон. Өмнө нь эд зүйлээ алдсан хохирогчийн өргөдлийг хүлээн авснаас хойш 19 хоногийн дотор гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж тогтоодог байсан. Харин шинэ хуулиар энэ хугацаа тав хоног болгож наашилсан. Хулгайн гэмт хэрэг нь 300 мянган төгрөгөөс дээш бол эрүү, доош бол зөрчлийн хэрэг болдог. Гэтэл тав хоног нь мөрдөн байцаагчдад тухайн хэргийг шалгаж тогтооход хангалттай хугацаа биш юм. Тиймээс тав хоногтоо амжихгүй байгаагаас үүдэн хулгайн гэмт хэргийн өсөлт статистик мэдээлэл дээр нэмэгдэж харагдаж байна.

-300 мянган төгрөгөөс доош хохиролтой бол гэмт хэрэгт тооцохгүй гэлээ. Тиймээс л хулгайчид олширч байгаа юм биш үү? 
-Тийм. Яг энэ сэдлээр халаасны хулгайчид олширч байгаа нь үнэн. Тэд хуулийн заалтыг буруу ойлгож байгаад хэргийн учир бий. Хэрэв 300 мянган төгрөгөөс доош эд зүйл хулгайлчихвал намайг шийтгэхгүй, долоо хоног л саатуулдаг юм байна гэсэн ойлголттой явдаг. Гэтэл хуульд зааснаар иргэн 300 мянган төгрөгөөс доош бүхий эд зүйлийг анхны удаа хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ. Харин удаа дараа буюу хоёр удаа хулгай хийвэл Эрүүгийн тухай хуулиар 5-12 жилийн хорих ял онооно.

Мөн хулгайн эд зүйлийг дамлан авсан тохиолдолд иргэнийг 6-1 жил, бүлэг ченжүүдэд тав хүртэлх жилийн хорих ял оноох заалттай. Мөн албан байгууллагууд өөрсдөө хулгайтай тэмцэх ёстой. Жишээлбэл, "Монтел”, "Тэди” зэрэг газарт ченжүүд утас авна гээд гадаа нь зогсож байдаг. Тус байгууллагын удирдлагууд тэднийг үүднээсээ хөөж явуулахгүй бол албан байгууллагад мөнгөн торгууль ногдуулах, үл тоовол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байна.

-Иргэдийн дунд цагдаа нар өөрсдөө хулгайчидтай холбоотой гэсэн хардлага бий. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? 
-Цагдаагийн байгууллага 9000 гаруй алба хаагчтай. Жилд 12 мянга гаруй хулгайн гэмт хэрэг гардаг. Гэтэл 9000 цагдаагийн 1000 орчим нь гэмт хэргийн араас мөрддөг юм. Тиймээс гэмт хэрэг илрүүлдэг цагдаа нарынхаа тоог нэм гэж хэлдэг. Үнэндээ 1000 цагдааг 2000 болгож болно. Гэхдээ хулгайн гэмт хэрэг байсаар бас нэмэгдсээр л байх болно. Иймд хулгайчдаас салах шийдэл бол одоогоор иргэд өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Цагдаа нар хулгайчидтай холбоотой юу гэсэн асуултад бүрэн дүүрэн няцаалт өгнө.

-Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийг таслан зогсоохын тулд ямар арга хэмжээ авч байна вэ? 
-1997, 2002 онд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдан хэрэгжиж байсан. Үр дүнд нь тухайн үед 60 гаруй хувьд хүрч байсан хулгайн хэрэг 30 гаруй хувь болтлоо буурч байсан. 2002 оноос хойш 16 жил өнгөрлөө. Энэ байдлаараа хулгайн гэмт хэргийн өсөлт 50 хувьд хүрэх магадлалтай. Тиймээс энд тэнд хулгайтай тэмцэж буй үйл ажиллагааг нэг шугамд оруулж, Хулгайтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах цаг нь болсон.

Б.Бямбасүрэн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>