Зөрчлийн хууль хүнд суртлыг дэвэргэж, иргэдэд дарамт болж байна гэв

248
Зөрчлийн хууль хүнд суртлыг дэвэргэж, иргэдэд дарамт болж байна гэвС.УЯНГА

"Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулав. Бүлгийн гишүүдээс гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд, улсын байцаагч нар оролцлоо. Энэ үеэр  бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурсан. Мөн улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа. Гэвч сөрөг үр дагаврууд бас нэлээд байна. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд байсаар байна. Мөн торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлага ч байна. Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх замаар ажил болгох нь чухал байна” гэв. Харин  Замын цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Галсанжамц "Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар осол гаргасан тохиолдолд Даатгалын байгууллага болон Замын цагдаагийн газарт зэрэг дуудлага өгч байгаа. Дуудлага мэдээллийн дагуу ирсэн цагдаа нэгэнт зөрчил бүртгэсэн болохоор торгох арга хэмжээ заавал авдаг. Энэ нь буруутай хэмээн тогтоогдсон жолоочид эдийн засгийн дарамт үүсгэдэг. Бусад орны жишгийг харахад, хүн бэртээгүй л бол Даатгалын компани болон жолооч нар хоорондоо асуудлаа шийддэг. ЗЦГ-аас энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоонд саналаа илэрхийлж байсан ч Даатгагчдын холбооноос саналыг дэмжээгүй. Цаашид зам тээврийн ослын улмаас бага хэмжээний буюу 300 мянган төгрөг хүртэлх хохирол учирсан, гуравдагч этгээдэд ямар нэгэн хохирол учраагүй, холбогдогч жолооч нар бичиг баримт бүрэн, согтуурсан, мансуурсан байдалтай бус, даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй бө­гөөд хоорондоо харил­цан тохирсон тохиол­долд заавал цагдаагийн байгууллагаас тодорхой­лолт шаардахгүй байх нөхцлийг Жолоочийн даатгалын тухай хууль, тогтоомжид тодорхой зааж тусгах шаардлагатай байна” гэлээ.

Захиргааны хариуцла­гын тухай хуулийг шинэчлэн найруулсан, 50-60 ерөнхий ангитай, 640 зүйл ангитай Зөрчлийн хуулийг 2017 оны тавдугаар сард баталж, мөн оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хуулиар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Торгуулийн хэмжээ нь 10 мянгаас 20 сая, хуулийн этгээдийг 100 мянгаас 200 сая төгрөг байна. Зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилна. Түүнчлэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсвэл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах,  зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу өнгөрсөн найман сарын хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээс 370 мянга гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15 мянга орчим гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан бол 6900 орчим өргөдөлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулсан. Хэрэг бүртгэлт хийх шаардлагагүй 340 мянга орчим зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.