Бөхийн өргөөг төр мэдэлдээ авах цаг болсон

589
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 6-ны өдөр  "Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар "Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээжээ. Тэрбээр албан бичигтээ "Бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрч, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан миний бие 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэж харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөөдөр ч тасрахгүй байна. 

Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал мөн юм” хэмээжээ. Үндэсний бөхийн холбоо гэх ТББ-ын  тэргүүний суудлын төлөөх "дайн” эхлээд 10 гаруй жил болж байна.  Тэртээ 2002 дөрөвдүгээр "Их эе” гээчээс эхлээд л хэрүүл, тэмцэл эхэлсэн. Дархан аварга Х.Баянмөнх "Намайг дөрөвдүгээр "Их эе”-ийн хурлаас хүчээр хөөж гаргасан. Тэр хурлын хүчин төгөлдөр баримт бичиг гэж байхгүй” хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв.  Үндэсний бөхийн холбооны тэргүүн хэн болох, хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрч байгаа талаар хэрэлдсээр өнгөрсөн жилтэй золгов. Бүр шүүхээс Үндэсний бөхийн холбоог "Их эеэ” хууль журмын дагуу хуралдуулж, тэргүүнээ сонго гэсэн шийдвэр хүртэл гаргаж байлаа. Улмаар 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу Үндэсний бөхийн холбооны "Их эе” хуралдаж, Л.Чинбатыг тэргүүнээр сонголоо. Гэвч энэ хавар Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс "Их эе”-ийн хурал гээчийг хийж, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбооны тэргүүнээр сонгох нь тэр.  

Түүнээс хойш сөргөлдөгч талын маргаан хэрээс хэтэрч, бөхтэй холбоотой муу муухай гэсэн үг болгоныг хэвлэлээр шидэлцэж эхэлсэн.  Ёстой булайгаа дэлгэлцэнэ гэдэг болж байгаа.  Байсан ч ялгаагүй, байгаагаагүй ч хамаагүй ТББ-ын тэргүүний төлөө хоёр тал болон тэмцэж байгаагийн цаад зорилго юу байв. Монгол бөхийн хөгжилд сэтгэл зүрхээ зориулахын төлөө нойр хоолоо умартлаа гэж бодоход хөх инээд хүрээд байна. Тэдний яс булаалдсан нохой шиг хэмлэлдэж байгаагийн гол зорилго нь Бөхийн өргөө юм биш үү. Тэр нь илүү баталгаатай болж байх шиг.  Ерөнхийлөгч Бөхийн өргөөг төрд авах санал гаргаж, албан бичиг Ерөнхий сайдад илгээхтэй зэрэгцээд л бөөн бөөнөөрөө эсэргүүцэж эхэллээ.  "Бөхийн өргөөг төрд авах нь хууль зүйн хувьд боломжгүй” л гэнэ. "Төрд авахаар дарга, сайд нарын хурал хийдэг, ууж иддэг газар болж хувирна” ч гэж байх шиг.  Бүр зарим нь "Бөхийн өргөөг төрд авчихаад, ашиггүй ажилласан нэрийдлээр хувьчлах гэж байна” гэж бичээд эхэллээ. МҮБХ-ноос мэдэгдэл хүртэл гаргав. Л.Чинбатынх нь холбооны мэдэгдэл юм  билээ. Мэдэгдэлдээ "Монгол Улсын гурван шатны шүүх маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад МҮБХ, нийт бөхчүүд, бөх сонирхогчид, олон нийтийн өмч болох Бөхийн өргөөг төрд авах нь Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй болно” гэж бичжээ.  Бөхийн өргөө хэзээ Монголын Үндэсний бөхийн холбооны өмч болчихсон бэ гэдэг нь сонин.

Тийм хувьчлал болоогүй. Нийт бөхчүүд ч бас хувьчилж аваагүй. Бөх сонирхогчид, ард түмний өмч бол бүр ч биш.  Бөхчүүдийн зарим нь "Бөхийн өргөө Хаан банкны нэр дээр данстай” гэж онигоонд ороод явж байгаа.  Нарийндаа Бөхийн өргөө төрийн өмч. Яагаад гэвэл 1992 онд Бөхийн өргөөний барилгын ажлыг эхэлсэн ч мөнгөгүйн улмаас зогссон байдаг. Улмаар 1997 онд УИХ-аас барилгын ажлыг дуусгавар болгоход шаардагдах 1.1 тэрбум төгрөгийн 800 саяыг нь шийдсэн түүхтэй.  Дээрээс нь төрийн өмчийн компаниуд нийтдээ 142 сая төгрөг өгсөн гэж байгаа. Ард түмний хандив бага ч гэсэн нэмэр оруулсан. Барилга барих ихэнх хөрөнгийг төр гаргасан байтал яагаад МҮБХ буюу цөөн хэдэн хүн мэдэлдээ авч, өнөөдрийг хүртэл улсад ганц ч төгрөгийн ноогдол ашиг өгөлгүй ажиллаж байсан нь сонирхолтой. Тэдэнд хэн ийм зөвшөөрөл өгөв. Бөхийн холбооны тэргүүний суудлыг булаацалдаж байгаа талуудын ярианаас үзвэл Бөхийн өргөө жилдээ хамгийн багадаа тэрбумын ашигтай ажилладаг гэж байгаа. Зарим жилдээ 2-3 тэрбумын ашигтай ажиллаж байгаа гэж хардаж буйгаа ч хэлсэн. Албан ёсны тоо баримтаас харвал, Бөхийн өргөө сүүлийн хоёр жилд  168 удаагийн урлагийн тоглолтоос 415.7 сая төгрөг, үндэсний бөхийн 102 удаагийн бөхийн барилдаанаас 1.7 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Үндсэндээ хоёр тэрбум гаруй төгрөг.  Гэтэл энэ мөнгөнөөс улсад ганц төгрөгийн татаас, ашиг өгөөгүй. Харин эсрэгээрээ Р.Нямдорж 10 хувийн ашиг хүртэж байсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байна. Энэ бүхнээс харахад, МҮБХ-ны тэргүүний суудлын төлөө "тэмцэлдэж” буй хоёр тал ердөө л Бөхийн өргөөний орлогод шунасан хэрэг биш үү.  Тиймээс "хэрүүлийн алим” болсон Бөхийн өргөөг төр мэдэлдээ авах цаг нь болсон.  Түүний дараа Үндэсний бөхийн холбооны тэргүүний төлөө хэмлэлдэхийг нь харж л байя.  

Бөхийн өргөөг төр мэдэлдээ авах цаг болсон

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>