"НААДАМ ЗАМБАРААГҮЙ БОЛБОЛ Б.БАТ-ЭРДЭНЭ ХАРИУЦААРАЙ"

1667

УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр /2018.06.18/ Монголын үндэсний бөхийн холбооны маргаан, Их эеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын үндэсний бөхийн холбооныхон маргаантай асуудалд цэг тавих үүднээс өнгөрсөн баасан гаригт уулзалт хийжээ. Тус уулзалтаар бөхийн холбоо эв зүйгээ олж, баяр наадмаа сайхан зохион байгуулах, наадмын дараа Их эе хуралдааныг зохион байгуулж, шинэ удирдлагаа сонгох нь зүйтэй гэж ярилцаж, тохиролцжээ. Уулзалтад гурван дархан аварга, улсын гарьд, заан цолнуудын төлөөлөл, хоёр талын удирдлагууд оролцсон юм байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Энэ уулзалтаар бөхчүүд үл ойлголцлоо эцэс болгож, Монгол бөх ариун байвал, төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцаж, ойлголцсон. Хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар тохирсон ч Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа тэргүүтэй бөхчүүд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар гарын үсэг зураагүй. Дархан аварга нүүрэн дээрээ эвлэрэх асуудал ярих боловч үйлдэл нь өөр байна. Монголын үндэсний бөхийн холбоо ард түмний өмч, өв их соёл. Цаашлаад улсын баяр наадам эмх замбараагүй болох, гол бөхчүүд барилдахгүй байх эмх замбараагүй байдал үүсвэл, ялыг нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрэх байдалтай болж байгаа шүү. Бөхөд хайртай ард түмэн, төрөө хүндлээч гэж Б.Бат-Эрдэнэ аваргаас хүсч байна. Монгол бөхчүүдийг таслах, хагалах үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна. Монгол наадам л сайхан болох ёстой. Шадар сайд аваргуудыг хүлээн авч уулзаж, баяр наадмаа сайхан зохион байгуулах үүрэгтэй шүү гэдгийг сануулсан. Монгол бөхөд эрэмбэ, ёс дараа гэсэн айхтар хатуу зүйл байдаг. Тиймээс би өнөөдөр үнэн, шударга үнэнийг хэлж байна.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Санал нэгдээгүй гэдгээ эвлэрэх хуралд оролцсон гишүүд юу гэж тайлбарласан юм бэ?

-Үндэсний их баяр наадам хаяанд тулсан ийм үед зөв зүйтэй сайхан зохион байгуулж, Монгол бөхчүүд эвдрэлцээгүй, Их эеээ амжилттай зохион байгуулах асуудлыг ярилцсан. Хоёр талаас уулзсан бөхчүүдээс ямар ч эсэргүүцсэн байдал гараагүй.

-Тавдугаар сард болсон Их эе хуралдаанд танай талыг төлөөлсөн хуралдаанд яагаад хэн ч оролцоогүй юм бэ?

-Бид тэр хуралдаанд оролцох, ойлголцох боломж байгаагүй.

-Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан уу. Таны биед халдсан асуудал юу болсон бэ?

-Бөхчүүд бэлтгэлдээ гарсан байгаа гэсэн. Бөхчүүдийг халх, дөрвөд, зүүн, баруун аймгуудаар нь ялгаад байвал барилдахгүй шүү гэдгийг хэлж байгаа юм.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байгаа. Бөхийн холбоо маргаантай ийм үед допинг хэрэглэсэн гэх бөхчүүд барилдах уу?

-Энэ допингийн асуудал бас л дарван аварга Б.Бат-Эрдэнэтэй холбоотой. Хэний нэр төрийг гутаах, хэнийг барилдуулах вэ гэдгийг Б.Бат-Эрдэнэ аварга л шийдэж, зохион байгуулж байна. Гарьд Бат-Орших "Би допинг хэрэглээгүй, Увс аймгийн бөх гэдгээрээ л гадуурхагдаж байна” гэж хэлсэн. Энэ мэт бөхчүүдийн нэр төрд халдсан ийм үйлдэлүүдээс салах ёстой. Допингийн асуудал цэг тавих, эсэргүүцэх ёстой. Гэхдээ олон улсад итгэмжлэгдсэн лабораторид хийгдсэн, цаг хугацааны хувьд ч тухай бүрт нь шийдэх ёстой. Ер нь цаашдаа тав давсан биш бүх бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болох ёстой.

-Ерөнхийлөгч бөхчүүдийг эвээ олж чадахгүй бол Бөхийн өргөөг төрийн мэдэлд авч, зарим бөхчүүдийн цолыг хураана гэсэн. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ард түмний хөрөнгө оруулалт болон төрийн хөрөнгө оруулалт буюу 1,6 тэрбум төгрөгөөр боссон. Гэтэл өнөөдрийг хүртэл Бөхийн өргөөний тайлан байдаггүй. Тэгэхээр Бөхийн өргөө ард түмний хөрөнгөөр боссон бол тайлангаа ч гэсэн үнэн зөвөөр л тайлагнах ёстой.

-Бөхийн холбооны маргааны цаад утга учир нь Бөхийн өргөөний маргаан гэж шүүмжлэх хүмүүс олон байна?

-Ер нь Нямдорж, Г.Данзан, Б.Бат-Эрдэнэ гэсэн хүмүүс ийм л ойлголт төрүүлээд байгаа юм. Тийм зүйл байхгүй. Өргөөнөөс болоод хэрүүл маргаан гараад байгаа биш олон жилийн үзэл бодол, халх, дөрвөдөөр нь хуваасан маргаанаас үүдэлтэй. Төр өмчөө мэднэ, ард түмэн өмчөө мэднэ. Бөхийн өргөө бол Монголын үндэсний бөхийн холбооны өмч.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN  Ш.ЧИМЭГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>