Владимир Путин Өмнөд Солонгосын Ерөнхий сайдтай уулзжээ

727
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ лхагва гарагт Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ли Нак Ёнтой уулзах үеэрээ Өмнөд Солонгос нь манай улсын чухал түнш хэмээгээд хоёр улсын харилцаа өргөжин бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр болсон хоёр талт уулзалтын үеэр В.Путин энэ тухай ярьсан бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж буйг мөн онцлон тэмдэглэжээ.

"Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны хэмжээ 27 хувиар, энэ оны эхний найман сарын байдлаар 8 хувиар өссөн байна” гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна.

2017 онд зохион байгуулсан Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санал болгосон "Есөн гүүр” санаачлагыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа ОХУ-ын төрийн тэргүүн тэмдэглэв. Энэ нь хөлөг онгоцны үйлдвэрлэл, байгалийн хий, төмөр зам, эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг есөн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай ажээ.

"Манай улсын ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад оролцох хүсэлтэй байсан хэдий ч БНАСАУ-тай хийх хэлэлцээнд бэлтгээд завгүй байгаа тул түүнийг төлөөлөн миний бие оролцож байна” гэж Ли Нак Ён хэлжээ.

Мөн тэрбээр хоёр Солонгосын харилцаанд ахиц дэвшил гаргах хийгээд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлооход гаргаж буй В.Путины хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, Өмнөд Солонгост ойрын хугацаанд айлчлахыг урьсан Мүн Жэ Иний урилгыг түүнд дамжуулсан байна.

Владимир Путин Өмнөд Солонгосын Ерөнхий сайдтай уулзжээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>