Гэрийн нөхцөлд хэвтрийн өвчтөн асардаг бол дараах зүйлсийг анхаарна уу

35

Гэрийн нөхцөлд хэвтрийн өвчтөн асардаг бол дараах зүйлсийг анхаарна уу

 

 

УГТЭ-ийн туслах сувилагч нар шинээр ажилд орсон болон эхний 2-3 жил ажиллаж буй туслах сувилагчид даа хүнд эмчлүүлэгчийн асаргааг хэрхэн хийх талаар үзүүлэх сургалт хийлээ.



 


Хүнд болон хэвтрийн өвчтөний хувьд асаргаа, сувилгаа маш чухал. Тиймээс туслах сувилагчид болон өвчтөний ар гэрийнхэнд асаргаа, сувилгааг стандартын дагуу зөв хийх талаар сургалт, зөвлөмжийг байнга өгдөг байна.




Энэ талаар тус эмнэлгийн сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа "Бид шинэ сувилагчдадаа лекцийн мэдлэг олгохоос гадна гардан ажилбарын үзүүлэх сургалтыг тогтмол явуулдаг. Өнөөдрийн сургалтад манай эмнэлэгт шинээр орсон 50 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдаж байна. Өвчтөн эмнэлэгт байх хугацаандаа асаргаа сайн хийлгэдэг ч гараад үүнийг нь үргэлжлүүлж хийх нь чухал байдаг. Тиймээс өвчтөний ар гэрийнхэнд долоо хоногт нэг удаа сургалт явуулж, зөвлөгөө өгдөг. Мөн иргэдэд гэрийн нөхцөлд асаргаа, сувилгааг хэрхэн зөв хийх талаар тараах материал тараадаг” гэлээ.


Хүнд эмчлүүлэгчийн асаргаа, сувилгааг

-Холголт цооролтын асаргаа

-Сул ор засах

-Бүтэн биеийн угаалга

-Амны хөндий угаах

-Хэвтрийн өвчтөний байрлал солих

-Толгой угаах

-Харвалттай эмчлүүлэгчийн хооллолт зэрэг сэдвийн дагуу гардан үзүүлэв.



 


Мөн гэрийн нөхцөлд хүнд, хэвтрийн өвчтөн асардаг бол дараах зүйлсийг анхаарахыг мэргэжилтнүүд зөвлөлөө. Сувилгаа хийлгэж байгаа хүнийг хөдөлгөөний дутагдалд оруулахгүй байлгах, хувийн ариун цэврийг сахиулах, зөв хооллох, сэтгэл санааны хэвийн байдлыг хангах, эрүүлжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа хийх нь чухал.


Өвчтөнийг хооллох арга:

-Шингэлт сайтай, хагас шингэн бантан, зутан зэрэг хоолыг бэлтгэж өгнө. Хахаж цацахаас урьдчилан сэргийлж өвчтөнийг хагас суугаа байрлалд суулгаж хооллоно. Хоолны дуршлыг ихэсгэх зорилгоор гарыг угааж амыг усаар зайлуулсны дараа хооллоно.


Буруу хооллосноос гарах хүндрэл:

Уураг, өөх тостой хоол, өндөг, мах, хиам, халуун ногоотой, шарсан хуурсан хоол өгснөөс ходоодны үйл ажиллагаа хямрах, гүйлгэх, бөөлжих, амьсгалын зам бөглөрөх аюултай.


Хувцас солих арга:

Өвчтөний хувцсыг тайлахдаа эрүүл гар талаас нь тайлаад, толгойг нь гаргаж харвалттай гарыг сүүлд нь гаргана. Харин өмсөхдөө харвалттай талаас нь эхэлж өмсүүлнэ.




Санал болгох