Нам, нэр дэвшигчийн санхүүжилт ил тод байх нь шударга сонголт хийхэд нөлөөлнө

658

 

Нам, нэр дэвшигчийн санхүүжилт ил тод байх нь шударга сонголт хийхэд нөлөөлнө

 

 

Нээлттэй нийгэм форум /ННФ/-аас зохион байгуулсан "Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлага” хэлэлцүүлгийн үеэр намууд сонгуулийн зардлын тайланг нийтэд ил тод зарладаггүй, үүнд хүлээлгэх хариуцлага тооцдоггүйг хэрхэн  шийдвэрлэх талаар ярилцав.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Э.Гэрэлт-Од зэрэг  албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын сонгуулийн хуулиар сонгууль дууссанаас 45 хоногийн дотор нам, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа өгөх ёстой байдаг. Гэвч энэ хууль хангаллтай хэмжээнд хэрэгжихгүй байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад хэд дахин хоцрогдолтойг ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг хэллээ. Тэрбээр "Олон улсын туршлагыг харахад нам, нэр дэвшигчид сонгуулийн өмнө, үргэлжилж байх явцад, дууссаны дараа нь сонгуулийн зардлаа шат дараатайгаар хурдан шуурхай ил болгодог. Гэтэл манай нам, нэр дэвшигчид заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлан өгөхгүй байх тохиолдол цөөнгүй.  2016 оны сонгуулиар тайлангаа өгсөн нам, нэр дэвшигчийн нийт зардал 34,4 тэрбум төгрөг байв. Үүнд тайлангаа өгөөгүй нэг нам, эвсэл, 100 гаруй нэр дэвшигч бий. Эдгээр нам, эвсэл нэр дэвшигчид тайлангаа өгсөн бол дээрх тоо хэдэн тэрбумаар өсөх нь тодорхой.  Сонгогчдын хувьд дэмжиж буй нам, нэр дэвшигч нь хэний эрх ашгийн төлөө ажиллаж буйг мэдэхийн тулд сонгуулийн зардлын тайлан ил байх шударга хэрэг. Энэ нь сонгогчийн үндсэн хуулиар хамгаалагдсан мэдэх эрхийн асуудал. Харамсалтай нь энэ эрх манайд хангалттай хэрэгжихгүй байна. Үүний шалтгаан нь хяналт сул, хариуцлага тооцох зарчим тодорхойгүй байгаатай холбоотой. Улс төрийн намын тухай хуульд улс төрийн нам жилд нэг удаа аудитаар баталгаажсан тайлангаа нийтэд ил болгох ёстой. Гэвч үүнийг дагаж мөрддөг нам байдаггүй. Үүнд хүлээлгэх ганц хариуцлага нь тухайн намыг дараагийн сонгуульд оролцуулахгүй байх боловч хангалттай хэмжээнд үр дүнгээ өгөхгүй л байна. Сонгуулийн зардлын тайланг ил болгоогүйгээс улс төрд орж буй мөнгө хяналтгүй болж, тэрбумаар яригдах авлигын хэрэг үүсдэг. Улс төрийн намууд санхүүжилтээ хаанаас, хэнээс  авдаг нь ил байвал авлигын хэрэг хумигдах нь тодорхой. Тиймээс бид зоригтой бодлогын шийдвэр гаргаж хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.

Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг ил болгохын тулд аудитын тавьж буй хяналтыг тодорхой болгох, зардлын тайланг ямар маягтаар гаргах, шалгах порцессыг тодорхой болгох хэрэгтэйд санал нэгдэв.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>