АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна

599

АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар Монголбанкны удирдлагуудаас Төрөөс 2019 онд баримтлах мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонссон байна. 

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Монголбанк улс төрийн байгууллага биш. Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх байгууллага. 2018 оны үндсэн чиглэлээс ипотекийн зээлийн олголтын хэрэгжилт тааруу байгаа. Барилгын үйлдвэрлэлийн өсөлт огцом буурсан нь ипотекийн зээлд зориулагдсан мөнгө барилгын өрийн зээлийг хаахад зориулагдаж байна. Ханшийн огцом алдагдал ард иргэдэд сөргөөр нөлөөлж байна. Инфляцитай холбоотой хэд хэдэн тайлбарыг Монголбанк хийж байна. Эдийн засгийн өсөлт гарсан гэдэг ч иргэдэд хүрсэн хүртээмж байхгүй. Уул уурхайгаас бусад олох орлого орхигдсон. Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна. Монголд өнөөдөр үйлчилж байгаа хэд, хэдэн дарамт байна. Гадаад, дотоод өрийн дарамт хэвээрээ байгаа.

Импортын дарамт их байна. 2018 оны импортын өсөлт 40 хувь гэдэг нь сайн дохио биш. Гадаадад гаргасан бүтээгдэхүүний төлбөр 100 хувь Монголд орж ирэхгүй, жил бүр нэмэгдэж байгаа нь сэтгэл зовоосон асуудал байна. Энэ хэрээр валютын ханш өсөх магадлалтай. Чанаргүй зээлийн дарамт эргээд иргэдийн өрхийн төсвийн дарамтыг нэмэгдүүлж байна. Нийт зээлийн эзлэх хувь дотор хэрэглээний зээл өссөн нь өрхийн төсвийн дарамт нэмэгджээ. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж чадсангүй. Тиймээс дээрх алдаа, дутагдлаасаа суралцаж, ирэх онд Засгийн газар, Монголбанк бодлогын уялдаа, холбоогоо сайжруулан, хамтран ажиллах сануулж байна. Монгол Улсад гадаад, дотоод өр, импорт зэргээс үүдэлтэй эдийн засгийн олон дарамт бий. Түүнчлэн хэрэглээний зээл өссөөр байгаа нь айл, өрхүүдийг өрийн дарамтад орж байгааг харуулж байна. Үүнийг ирэх оны мөнгөний бодлогод тусгаж, шийдвэрлэх ёстой. Энэ бүх саналаа Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлнэ" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг нэмэгдүүлэхийн тулд ямар эх үүсвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-АН анх ипотекийн зээлийг Монгол банк, Засгийн газрын бодлогоор хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнийг МАН өөрчилсөн. Харамсалтай нь хамтарч хэрэгжүүлэхгүйгээр энэ хөтөлбөр явахгүй гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харууллаа. Хамтарч хэрэгжүүлэхгүйгээр энэ хөтөлбөр цааш явахгүй гэдгийг нотоллоо.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>