40 байршилд хяналтын камертай боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь дүүргийн 8,9,10,11,12,17,20,23,28 дугаар хороодын нутаг дэвсгэрийн хариуцан ажилладаг. Энэ онд тус хэлтсийн хэмжээнд нийт 1.456 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10,4 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Иймд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгдэж байгаа тус хороодын 40 байршилд утасгүй сүлжээний дамжуулалтыг хийхээр боллоо.
Хяналтын камерууд нь 2560*1440 хүртэл пикселийн нягтралтай дүрсийг 4,8-120 мм хүртэл дурангаар татаж, 25 дахин томруулах боломжтой юм. Түүнчлэн хяналтын камерууд нь 360 градус эргэх бөгөөд шөнийн горимд 150 метр хүртэлх зайны дүрсийг харах, сүлжээ тасарсан нөхцөлд камер дээрээ бүтэн өдрийн бичлэгийг хадгалж дамжуулах юм.
Тус телехяналтын камерын төвийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга Д.Болормаа, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга П.Сумъяасүрэн, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Оюутболд, 23 хорооны Засаг дарга Д.Энхтүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Түүнчлэн энэ үеэр албан үүргээ амжилттай биелүүлж, бусдыгаа манлайлсан албан хаагчдыг дүүргийн ИТХ-ын даргын Өргөмжлөл болон Засаг даргын Өргөмжлөлөөр шагнасан юм.