Д.Отгонжаргал: "Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт үлдсэн"

607

Сүүлийн үед олны анхаарал татаж, олон нийтийн сүлжээгээр хэлэлцүүлэг өрнүүлээд буй, хүний амь нас хохирсон хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан ёсоор мэдээлэл хийлээ.

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Цогцсон дээрх шархны зураг олон нийтийн сүлжээнд тарсан нь анхаарал татаад буй.

Энэ талаар "Өчигдрийн байдлаар хохирогчийн бие дээрх улайлт зөрүүтэй байгаа нь иргэдийн анхаарлыг татсан байна лээ. Тиймээс Дорноговь аймагт шалгагдаж байгаа хэргийн материалыг татаж шалгасан. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байна лээ. Өчигдөр яагаад гэмтэл шархгүй гэж мэдээлсэн бэ гэдэг тухайд, Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон хүний эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичигдсэн байна лээ. Харин зурган дээр байгаа хүрэн толбо зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу үгүй юу гэдгийг нягталж, бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилон дахин үзлэг хийхээр зохион байгуулалт хийгээд байна.

Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна. Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, шалгалтын ажиллагаа цаашаа явагдана.

Шалгалтын ажиллагаа дөнгаж эхэлж байгаа. Цэргийн ангид дэг журам зөрчигдсөн, үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч ротын захирагчид танилцуулсан, зөрчилтэй байдалтай холбогдуулан цэргийн алба хаагчдыг гаргаж, ангийн хашаанд бэлтгэл сургуулилалт хийлгэсэн гэх тайлбар тавьж байгаа.

Дээр дурдагдсан явцын зарим хэсэг дүрс бичлэгт үлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бичлэгийг хурааж авсан. Тэрэн дотор ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Чухам яг ямар үйлдэл хийж байгаа талаар одоохондоо мэдээлэх боломжгүй байна. Тэр үйлдэл хохирогчийн амь нас хохироход хүргэсэн үү гэдгийг нягтлаад та бүхэнд мэдээлнэ.

Энэ хэрэг дээр хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт тавьсан. Холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих асуудлыг мөн прокурорт тавиад байгаа.

Дүгнэлт урьдчилсан байдлаар гараагүй. Цогцост эхлээд үзлэг хийгдсэн. Үзлэгийн тэмдэглэлд гаднаа ил харагдах шархгүй гэж бичсэн л асуудал байгаа юм" хэмээн Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээллээ.

Т.Саран

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>