"ТУСГАЙ ХҮМҮҮС"-ИЙН БИЗНЕСИЙГ ДЭМЖИГЧ ТУСГАЙ САНГУУДЫГ ТУСГАЙЛАН ШАЛГАЯ

678

"ТУСГАЙ ХҮМҮҮС"-ИЙН БИЗНЕСИЙГ ДЭМЖИГЧ ТУСГАЙ САНГУУДЫГ ТУСГАЙЛАН ШАЛГАЯ

 

Засгийн газрын тусгай сангууд үе үеийн эрх баригчдын саалийн үнээ байж гээд хэлчхэд буруудахгүй. Илэрсэн, ил болж олон нийтэд хүрсэн нь л ЖДҮХ сан. Үүнээс илүү эрх ашгийг зөрчилтэй тусгай сангууд амь бөхтэй оршсоор ирснийг өчигдөр Сангийн сайд дуулгалаа.  Шалгалтаар тусгай сангийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 130 тэрбум төгрөгт хүрсэн байна. Жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг хирнээ тодорхой тооны нэр бүхий хүмүүсийн бизнесийг тэтгэсээр ирсэн тусгай сангуудын тусгай нууц эхнээсээ ийнхүү задарч эхлээд байна.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хийсэн шалгалтын дүнг өчигдөр танилцуулсан юм. 

Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012 оноос хойш 938.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Улмаар 2017 оны эцсийн байдлаар 395.3 тэрбум төгрөгийн авлагатай, 133.7 тэрбум төгрөгийн өглөгтэй гэсэн дүн гарчээ. Тариаланг дэмжих сан 2018 оны 09 дүгээр сарын 31-ний байдлаар 141.1 тэрбум төгрөгийн өглөгтэй, 131.9 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72 тэрбум төгрөг байна. Мал хамгаалах сан зээлийн журам боловсруулж мөрдөөгүй, зарим аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад зээлийг дахин олгодог, авсан зээлээ төлөөгүй байхад дахин зээл олгосон зөрчил илэрсэн байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өсөх хандлагатай гэж дүгнэжээ. Боловсролын зээлийн сан болон суралцагч, захиалагчийн хоорондын гэрээнд суралцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой бус байгаа нь төлбөр эргэн төлөгдөхгүй удаашрахад нөлөөлж байна.  

Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хуулинд тодорхой заасан ч зөвхөн авто зам ашигласны төлбөрөөр санхүүжиж, бусад эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөлийг хангаагүй байна. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгодог. Гэвч иргэд үүнийг мэддэггүй учир зөвхөн өргөдөл гаргасан иргэнд олгож иржээ. Торгох ялын төлбөрийн 60 хувийг санд төвлөрүүлж байгаа ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон торгох ялын төлбөрийг бүрэн хэмжээгээр төвлөрүүлж төсөвт оруулж чадаж байгаа эсэхэд тавих хяналт хангалтгүй гэж үзжээ.

Тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс доогуур учир арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж ашиг олж байх магадлалтай гэж шалгалтын хэсэг дүгнэсэн байна.

 Ийнхүү тусгай сангуудаар ямар хэмжээний хэдэн хувийн хүүтэй зээл гарч байгааг мэдээлэлд ойр буюу төрийн өндөр дээд албан тушаалтнуудын бизнесийг тэтгэгч тусгай сангуудыг тууштай тусгайлан шалгах хэрэгтэй болжээ. 

 

П.ГОО 

Оллоо.мн

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>