Хятад улс түүхийн өсөө хурцлан билүүдэх болов

1520

Хятад улс түүхийн өсөө хурцлан билүүдэх боловСүүлийн жилүүдэд газар нутгийн маргаанаас болж Японтой харилцаа нь хүйтрээд байгаа Хятад улс энэ жил Наньжины хядлагын ойн өдрийг орон даяар "цус нулимс үсэргэн” тэмдэглэж 12-р сарын 13-ныг цаашид Үндэсний эмгэнэлийн өдөр болгохоор зарлачихлаа. Ийнхүү түүхийн өсөө билүүдэн хурцлах болсон шалтгаан нь Хятадын эдийн засаг хүчирхэгжин өндийсөнтэй холбоотой хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Хятад Японы хоёрдугаар дайн хэмээн нэрлэгддэг энэ хэрэг явдал нь 1937 оны долдугаар сараас 1945 оны есдүгээр сар хүртэл үргэлжилсэн юм. 1937 оны 12 дугаар сард Шанхайгаас давшсан японы цэрэг Гоминданы намын штаб төвлөрч байсан нийслэл Наньжин хотыг эзэлжээ. Сэтгэл санааны доройтол, хээл хахуульд автсан Гоминданы арми Наньжин хотыг тууштай хамгаалж чадалгүй бараг зүгээр шахуу тавьж өгснөөр 1937 оны арванхоёрдугаар сарын 13-нд япончууд Хятадад аймшигтай харгислал үйлдсэн билээ. 

Хятадын арми Япончуудаас олон арван мянган хүнээр илүү байсан ч сул дорой удирдлагынхаа буруу шийдвэр, цэргийн зохион байгуулалтын алдаанаас болж бууж өгснөөр япон цэргүүд Наньжин хотын энгийн номхон иргэдийг зургаан долоо хоногийн дотор хүйс тэмтэрсэн юм. Дэлхий нийтэд түгснээр 300 мянга, зарим эх сурвалжийн баталж байгаагаар 500 мянга гаруй хүнийг аймшигт яргаллаар тамлан хөнөөсөн байдаг. Бууж өгсөн нангиад цэргүүдийг эх орныхоо төлөө тэмцэх чадваргүй, арчаагүй, ямар ч хэрэггүй хоолны сав хэмээн доромжилж шууд буудан хороосон бол эмэгтэйчүүд хүүхдийг санаа зүүдэнд оромгүйгээр хэрцгийлэн доромжилжээ. Айрис Жан нэртэй Калифорнид амьдардаг хятад эрдэмтний "Наньжины хүчирхийлэл” хэмээх номонд энэ аймшгийн тухай цөөнгүй баримтыг өгүүлсэн нь бий. Тухайлбал, япон цэргүүд нангиад иргэдийг жадаар дайрах, сэлмээр цавчих сургуулилтандаа амьд хүүхэлдэй болгон ашиглаж байжээ. Мөн тэд эм хүйстэй бүхнийг хөгшин залуу, хүүхэд нялх гэлтгүй балмадаар хүчирхийлсэн байна. Үүнээс жилийн дараа, 20 мянга гаруй нангиад эмэгтэйгээс амиа егүүтгэлгүй үлдсэн хэд нь дайсныхаа хүүхдийг тээхгүй гэсэндээ амиа хорлож, зарим нь төрсөн хүүхдээ өөрсдөө егүүтгэсэн гэдэг. 

Тухайн үед Наньжин нь Гоминданы Засгийн газрын нийслэл байсан тул Герман, Франц тэргүүтэй европийн улс орнуудын элчин сайдын яам, консулын газрууд энэ хотод байрлаж байсан юм. Эдгээр Элчин сайдын яамны ажилтнууд хятадуудад дээрэнгүй, үл тоосон байдалтай ханддаг байсан ч япончуудын харгислалыг хараад тус бүртээ боломжоороо олон хүн аврахаар хичээл зүтгэл гаргаж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ. Мөн тэд л энэ хар дарсан аймшигт өдрүүдийн балмад хэрцгийллийг гэрэл зургийн аппаратандаа түүх болгон хадгалан үлдээж чадсан юм. "Өрнө дахин энэ тухай ингэж баримтжуулсан мэдээ цуглуулаагүй, олон нийтэд цацаагүй бол өдгөө ийм хэрэг явдал болсон эсэх нь ч эргэлзээтэй хэвээр үлдэх байсан биз ээ” хэмээн Наньжины их хядлагад амь үрэгдсэн хүмүүсийг дурсах музейн дарга Жү Чэншань энэ сарын 13-ны өдөр тус музейд нээгдсэн "Түүхэн үнэний мөрөөр" гэрэл зэргийн үзэсгэлэнгийн үеэр онцлон тэмдэглэсэн билээ. Тус үзэсгэлэнг Хятадын үндэсний музей, Хятадын уран зураачдын нийгэмлэг, Хятадын урлаг судлалын хүрээлэн, Хятадыг дүрслэх урлагийн ордноос хамтран зохион байгуулсан юм. Үнэхээр ч энэхүү цус яргаллын тухай нүд халтирам гэрэл зургуудыг үзсэн бүхэн хүн төрөлхтөнд ийм аюул гамшиг тулгараад өнгөрсөнтэй эвлэрэхэд хэцүү байгаа бололтой дүнсгэр хүнд харагдацгаана билээ. Уг үзэсгэлэн"Голомтыг харлуулсан нь", "Зугаталт", "Гэмгүй хүмүүсийн уйлаан", "Ялалтын хана" зэрэг дөрвөн хэсэгтэй аж. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд их хядлагын гэрч баримтыг гадаад дотоодоос цуглуулах кампанит ажлыг эрчимтэй өрнүүлсний дүнд эмгэнэлт түүхийг гэрчлэх 7602 ширхэг соёл түүхийн материал цугласныг мөн музейд тавьжээ.  

Японы "NHK” агентлаг Наньжинд болсон хэрэг явдлыг үгүйсгэсэн мэдээлэл цацсан нь Хятадын ард түмний дургүйцлийг ихэд төрүүлсэн юм. Токио хотын захирагчийн сонгуульд баруун жигүүрээс нэр дэвшиж байсан Наоки Хякута компанит ажлынхаа үеэр "Ийм зүйл хэзээ ч болж байгаагүй шүү дээ” гэж хэлснийг өмнө нь "Асахи” сонин иш татан мэдээлж байсан билээ. Түүгээр ч барахгүй дайнд оролцогч талууд бүгд харгислал үйлдсэн болохоор японы залуу үеийнхэнд ийм зүйл ярих шаардлагагүй гэж хэлсэн юм. Харин Хятад улс үүнийг эсэргүүцэн жил бүрийн 12-р сарын 13-ныг Үндэсний эмгэнэлийн өдөр болгож байгаагаа зарлахын зэрэгцээ Хятад улсын дарга Ши Жиньпин Наньжины их хядлагад амь үрэгдэгсдийг эмгэнэн дурсах үндэсний анхны өдрийн арга хэмжээнд биечлэн оролцож энэхүү цуст өдрийг мартахгүй байхыг ард түмэндээ хандан уриалсан юм. 

300 гаруй мянган хүний амийг авч одсон аллага тухайн үед Наньжин хотыг хар дарсан зүүд мэт болгожээ. Японы цэргүүд архи уун согтож, гудамжаар сэлгүүцэн охид бүсгүйчүүдийг хүчирхийлж, дээрэм тонуул хийн, хүмүүсийг шатаах, зодох зэргээр дураараа хөнөөж байв. Японы эзэрхийллийн эхний дөрвөн өдрийн дотор 20 мянган эмэгтэйг хүчиндэн бүгдийг нь зэрэмдэглэн хөнөөмөн гэдэг. Ихэнх хүмүүсийг жадаар сүлбэж, толгойг нь цавчин, амьдаар нь шатаасан бол эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлж цувуулан, балчир хүүхдийн нүдийг ухаж байв. Энэ түүхээр хийсэн нэрт найруулагч Жан Имаугийн "Дайны цэцэгс” хэмээн кино байдгийг та бүхэн санаж буй биз ээ.

Энэ аллага хүчирхийллийн үеэр хятадын иргэдээс гадна Наньжинд бизнес эрхэлж байсан гадаадынхан болон олон улсын байгууллагын ажилтнууд эх нутагтаа харьж чадалгүй тэндээ үүрд нойрссон түүхтэй. Дайн эхлэхээс өмнө иргэд өлсгөлөн зовлонг мэдрэхгүй амар жимэр, аз жаргалтай амьдарч байсан талаар тухайн үед амьд үлдсэн хүмүүс дурссан байдаг. Тэндээс амь гарсан нэг эмэгтэй "Залуу охидыг эгнүүлэн зогсоож байгаад хамгийн үзэсгэлэнтэйг нь хүчирхийлсэн. Тухайн үед би үсээ хуссан тулдаа л эрэгтэй хүн гэж эндүүрэгдэн амьд мултарсан" гэж дурсчээ. Эрэгтэй хувцас өмсөж, нүүрэндээ хар хөө түрхэн амьд гарч байсан түүх олон бий. Гадаад ертөнцтэй харилцаа холбоо бүрэн таслагдсан Наньжин хотын иргэдийн аймшигт үхэл өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд хүйт даалгасаар.  Тухайн үед хотыг японы 30-50 мянган цэрэг бүсэлж байсан гэж үздэг. Тэд хятадуудыг хэдэн мянгаар нь хүлж танкаар буудан цогцсыг нь голд шидсэн тухайгаа дурссан байдаг. Танкаар буудсан ч гэсэн ихэнх нь үхээгүй тул жадаар цохиж хөнөөсөн байна. 

Анх удаагаа зарлан тунхаглаж байгаа Хятадын үндэсний эмгэнэлийн өдрөөр энэ жил Наньжины хядлагад амь үрэгдсэн хүмүүсийг дурсах, Япончуудыг жигшин эсэргүүцэх, дэлхийн олон нийтэд хандан энх тайвныг уриалах олон талт үйл ажиллагаа, нийгэм соёлын маш олон арга хэмжээнүүд зохиогдлоо. Үндэсний эмгэнэлийн өдрийн үзэсгэлэнг Бээжинд нээсэн бол, Японы түрэмгийллийн эсрэг дайны үеийн ард иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа дурсгалт зүйлсийг улс өндөр үнээр худалдан авч Шанхай хотод үзэсгэлэн гаргасан байна. Эдгээр түүхийн материалууд Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны түүхийг харуулж, эзлэн түрэмгийлэгчдэд гутамшигт түүхээ мартахгүй байхыг сануулж, үндэстний сэргэн мандалтын үүргийг биелүүлж байх болно хэмээн Хятадын төр засгийн удирдлагууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө онцолж байсан юм.  

Урьд өмнө дэндүү даруухан гэмээр оршин тогтнож, ард түмнийхээ олонх болсон тариачдыг амьдралын хатуу хүнд буулганаас чөлөөлж хүний тоонд оруулах гэж мэрийж мачийсаар ирсэн Хятад улс сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн нүдэн дээр огт өөр хүчирхэг гүрэн болон дэвжин дээшилж байгаа. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан тухайн улс түүхийн өсөө билүүдэн хурцлах болсон нь ч мөн эдийн засаг нь хүчирхэгжин тэлсэнтэй холбогддог. Улсын эдийн засаг  сэргэж эрчимжихийн хэрээр Хятад улс бүс нутагтаа төдийгүй дэлхийд ноён суухыг хүсэж эхэлсэн. 21-р зууны дэлхийн эдийн засгийн гол судсуудыг атгахын тулд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд рүү мөнгө цутгаж, Ази Европийг дамнасан далайн болон хуурай газрын Торгоны замыг шинэчлэн байгуулж, энэхүү төсөлд нь хамрагдаж буй бүс нутгийн улсууддаа их хэмжээний зээл олгож байгаа нь үүний тодхон жишээ юм. Үүнийг дагалдан Хятад улсыг дэмждэг шинэ холбоотнууд бий болж, хуучны сайн хөршүүд нь ч эдийн засгийн хөшүүрэг болсон томоохон төслүүдийг нь ашиг сонирхлын үүднээс нэн таатай хүлээн авч хамтран ажиллаж эхэлсэн билээ. Ийнхүү өөртөө итгэлтэй, бардам шинэ имиджээр хувцасласан Хятад улс дарлагдан зовж явсан эртний өсүүдээ ил гаргаж түүхийн тооцоо хийх, олон улсын хамтын нийгэмлэгээр үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх замаар үндэстнийхээ зарим нэг өө сэвийг далдалж, имиджээ эерэгшүүлж байгаа нь ч тухайн улсын алсын бодлогын нэгэн томоохон нөлөө тусгал билээ. 

Б.Занданхүү

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>