Шинэ жилээр аюулгүй хүнс хэрэглэх зөвлөгөө

1722
Шинэ жилээр аюулгүй хүнс хэрэглэх зөвлөгөөШинэ жилээр олныг хамарсан арга хэмжээнүүд олон болдог. Энэ үеэр хугацаа дууссан, хуурамч хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд: Хоол хүнсний ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд бэлтгэсэн хоолны газраар үйлчлүүлэхгүй байх

Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар сонгосон зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь ариун цэврийн шаардлага хангасан байгаа эсэхийг анхаарах

Их хэмжээний хоол хүнсийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй эсэх, ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн тогооч, ажиллагсдаар бүрэн хангагдсан эсэхийг харгалзан үзэх

Хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай шинжилгээний бичигтэй, баталгаажилттай байх, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байртай худалдааны байгууллагаас нийлүүлсэн эсэхийг холбогдох бичиг баримтад үндэслэн сайтар хянаж үзэх

Мах, махан бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан байдлыг нягтлан үзэх.

Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх.

Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх,

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.

Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр,төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж  үржсэн байж болзошгүй тул түүнийг хоол хүнсэнд хэрэглэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх.

"Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэйг хуульчилсан байдаг тул та эрхээ эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж  байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>