Д.Хаянхярваа ХХААХҮ-ийн сайдад хандаж, ЖДҮХС руу утсаар яриад 900 сая төгрөгийн санхүүжилт авчээ
Жил гаруйн өмнөөс ил болж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн "ЖДҮ-гийн хэрэг”-т эрх баригч МАН-ын ихэнх гишүүн холбогдсон байдаг. Тухайн гишүүдийг үлдсэн хэсэг нь үзэж харж чадахгүй байгаагаа хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлсээр ирсэн.
Тийм гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байв. Тэрээр тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байлаа. Д.Хаянхярваа 2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд мэдээлэл хийж "Бүлгийн даргын хувиар биш хувь гишүүний зүгээс ЖДҮХС-тай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцуулах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна” гэж байсан юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ.Харин ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хожим энэ талаар ярихдаа "Би компанийг нь мэдэхгүй байна. Албан хүсэлтээр хандаж байсан байхыг үгүйсгэхгүй” гэж талбарласан байна.
Улмаар дээрх компани нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний А-88 тоот тушаалд багтаж 900 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Уг санхүүжилт 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас "Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн данс руу шилжсэн байна.