Махны үнийг үндэслэлгүй нэмсэн “Номин тав трейд” ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "зөрчил гаргаж, зохиомлоор бараа бүтээгдэхүүний үнээ нэмсэн аж ахуй нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78-р тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ болон холбогдох бусад төрийн бус байгууллагад үүрэг болгосон. Улсын хэмжээнд махны нөөц хангалттай байгаа гэдгийг ч ХХААХҮ-ын сайд Ч.Улаан мэдэгдсэн.
Гэтэл “Номин тав Трейд” ХХК, "И март" худалдааны төв зэрэг худалдааны байгууллагууд чиг үүргийн дагуу ажиллаагүй, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж, махны үнийг зохиомлоор нэмсэн. Иймд “Номин тав Трейд” ХХК, "И март" худалдааны төвүүдэд 20 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргаад байна.
Хяналт шалгалтаар тус компани 2020.03.10-ны өдрөөс хонины ястай махны үнийг 1кг тутамд 1500 төгрөгөөр, Үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, Үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна.
У.МАНДАХ
FACT.MN