Бэлэг шүлэг

1609

Бэлэг шүлэг

Сайхан бүсгүй алхана
Сайхныг нь хүмүүс шагшина
Сайханд харц унагана

Аман дээрээ тэд харин
Ай яасан сайхан даашинз вэ
Аргагүй л зохижээ гэж ярилцана

Нүд унагах тэднийг чамин даашинз биш
Нүв нүцгэн гоо үзэгслэн л даллалж байгаа
Нүүж яваа сэтгэлдээ бүхнийг тайчиж байгаа

Yзэгслэн гоог далдалдсан даавууг нэвт ширтэж
Yнэн хүсэл сэтгэлийн цаана тачаадаж байгаа
Yгүй ээ! Юм бүхэн ил хялбар байж болохгүй...

Хайр далд байхдаа илүү халуун байдаг шиг
Хүсэл шинэ байхдаа илүү хүчтэй байдаг шиг
Хүн нууцтай байхдаа илүү үнэ хүндтэй байдаг шиг

Сайхан бүсгүй алхалж л байг
Сайхныг нь хүмүүс шагшин ширтэж л байг
Санаандаа нүгэл буяныг урлаж л байг

Самарыг цөмж идэхэхэд илүү амттай байдаг шиг
Чихэрийг цааснаас нь задалж идэхэд илүү амттай байдаг шиг
Жимсийг хальсалж идэхэд илүү амттай байдаг шиг

Нэг л сайхан өдөр гэгээн учрал зочилно
Нууц бүхнийг бэлэг шиг чи бид задална
Надад бас чамд хүн бүхэнд энэ өдөр заавал ирдэг

Яарах хэрэггүй шаналах бүр ч хэрэггүй
Яг байрандаа зогсож хэрэггүй яв замаараа яв
Яадгийм бэ! бүхэнд нүд унага, сэтгэл алд

Мөрөөдөл чинь, чиний бэлэг байна
Бэлгээ ав
Бэлгээ задла!

БОЛОДЫН МӨНХДӨЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>