Инфляц 13.4 хувьтай гарлаа, Монголбанк ямар тайлбар хийх вэ!

333

Инфляц 13.4 хувьтай гарлаа, Монголбанк ямар тайлбар хийх вэ!

 

Асуудлын цэгийг тавих ёстой сэтгүүл зүй өөрөө асуусан  гарчиг тавих нь учир дутагдалтай. Гэхдээ энэ удаад асуухаас өөр аргагүй болов. Төв банкны эдийн засаг, шинжээч, улсын хэдэн их сургуулийн судлаачид төдийгүй Монголын эдийн засгийн нэгдүгээр хүн өөрөө инфляцыг тааж чадахгүй байна. Чаддаг байсан бол өнөөдрийн үнийн өсөлт Монголбанкны төсөөлөл буюу зургаа дээр нэмэх, эсвэл хасах хоёр хувь байх байсан биз. Уг төсөөлөл, өнөөгийн мөрөөдлөөр үнийн өсөлтийг илэрхийлдэг гадаад үг буюу инфляц дээд тал нь найман хувьтай гарах байсан.

Гэтэл өнөөдөр хэрэглээний үнээр илэрхийлэх үнийн өсөлт 13.4 хувьтай гарлаа. Үнийн энэхүү огцом өсөлтийг Монголбанкнаас гадна Засгийн газар ч төсөөлөөгүй. Мөнгөний ханш 13.4 хувиар унана чинээ хамгийн мэдээлэлд ойр гэдэг төрийн албаны томчууд ч тооцоолсонгүй. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны төгсгөлд 13.4 хувиар өсөхөд хүнсний үнэ 20.4 хувиар өссөн голлон нөлөөлсөн байна. Тэр дотроо 70 сая толгой малтай Монгол Улсад мах, махан бүтээгдэхүүн 24.2 хувиар өссөн иргэдийн амьжиргааг ийн  дордуулжээ. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 онд 8.1, 2019 онд 5.2, 2020 онд 2.3 хувь гарч байсан бол өнгөрсөн жил 13.4 хувьтай гарлаа. Энэ нь үнийн өсөлт 2014 оноос хойш хамгийн өндөр хувьтай гарч буй үзүүлэлт юм. Инфляц өнгөрсөн оны төгсгөлд 13.4 хувь гарсны 5.6 хувь буюу 41.8 хувь нь хүнсний өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Энэ нь нийт үнийн өсөлтийн 45.5 хувийг эзэлж байна. Инфляц зөвхөн өнгөрсөн сард 13.4 хувь гарсны 46.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, хил гаалийн хүндрэл инфляцын өсөлтөд өндөр нөлөө үзүүлжээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүний өсөлт өндөр нөлөө үзүүлсэн бөгөөд  2020 оны төгсгөлд 7.9 хувиар, 2021 онд 18.6 хувиар өсөж, өсөлтийн хурдац 10.7 хувиар нэмэгджээ.

Гэтэл монгол төгрөгийн ханшийг хариуцах үүрэгтгэй Монголбанкны удирдлагууд үнийн өсөлтийг "нийлүүлэлтийн гаралтай” хэмээн тайлбарлаж, Засгийн газрыг хил гааль, тээрийн асуудлаа зохицуулж чадахгүй байгааг шууд хэлж байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар импортын хэрэгцээг Эрээний хятадууд боогоод байгаа талаар ярьсаар удсан. Нөхцөл байдал даамжирсаар, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргааг өдөр ирэх тусам дордуулсаар ирэв. Засгийн газар, Монголбанк энэ мэт шалтаг, шалтгаан тоочсоор өнгөрсөн хугацаанд үнийн өсөлтийн эсрэг ямар ч арга хэмжээ аваагүй.

Инфляцыг үндсэндээ сул тавьсан гэж болно. Үүнийгээ эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд зөвтгөж, иргэдийн амьжиргааг дордуулсан үйлдлээ хаацайлж байгаа. Өөрөөр хэлбэл, бодлого тодорхойлогчдын зүгээс эдийн засгийн өсөлт гэх тоон үзүүлэлтийн эсрэг иргэдийнхээ амьжиргаагаар шууд дэнчин тавих болсон. Гэтэл ДНБ-ий өсөлт бүх хүнд ижил тэгш хуваагддаггүй. Харин үнийн өсөлт бүх хүний халаасыг сэгсэрдэг.

Өнөөдөр хадгаламжийн хамгийн дээд хүү арван хувь байгаа. Гэтэл төгрөгийн ханшийн 13.4 хувьтай байгаа гэж үзвэл, банкны хадгаламжид байгаа мөнгө 3.4 хувийн алдагдал хүлээж байна гэсэн үг.

Үнийн өсөлт ийнхүү хиймэл өсөлттэй  өндрөө аваад байхад, ирэх онд төсөв өмнө нь байгаагүй хэмжээгээр тэлэх нь тодорхой болсон. Харин мөнгөний бодлого бага хэмжээгээр чангарах талаар төв банкны ерөнхийлөгч дуугарсан. Эдгээрийн аль аль нь инфляцын өсөлтийг хязгаарлахгүй.  Өөрөөр хэлбэл, Засгийн газар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтворжуулж чадалгүй үнийн өсөлтийг хазаарлаж чадахгүй. Монголбанк ч эдийн засгийн эрэлтээ дэмжихийн тулд төсвийн бус хөрөнгө оруулалтаа хийсээр байна  гэсэн үг. Энэ нь 2022 үнийн өсөлтийг өдөөнө. 

Монголбанк хэдхэн хоногийн өмнө инфляцын хэтийн төлөвийг танилцуулсан. Өнгөрсөн сард үнийн өсөлт буюу инфляц улсын хэмжээнд жилийн 10.5 хувьтай гарсан. Үүн дотроо хүнсний бүтээгдэхүүний үнэ 18.7 хувиар огцом өссөн эдийн засагчдын санааг зовоох болсон юм.

Тэгвэл  2022 оны дундаас эхлэн тогтворжих төсөөллөө Монголбанкны шинжээчдийн зүгээс итгэл төгс танилцуулсан. Үүний өмнө Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос гаргасан мэдэгдэлдээ "Төв банкнаас бизнесийн байгууллагуудад урт хугацаатай олгож буй санхүүжилтийн зориулалтыг өргөтгөн шатахуун болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийг шаардлагатай түвшинд хүртэл бүрдүүлэхэд ашиглах замаар үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авна” гэдгийг онцолсон байдаг.

Өнгөрсөн хугацаанд хил, гааль дээр үүссэн гацаа, тээвэрлэлтийн зардал, малын халдварт өвчин дэгдсэнээс шалтгаалсан махны үнийн өсөлт, олон улсын шалтгаантай шатахууны үнийн өсөлт инфляцыг өдөөсөн болохыг дээр дурдсан. Тэгвэл эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хүлээлт бас гарчээ. Тухайлбал, монголчуудын уламжлалт сар шинийн баярын иргэд хэт их эрэлт үүсгэж, үнийн өсөлт бий болгодог зүй тогтолтой.

Цагаан сараар мах, махан бүтээгдэхүүний эрэлт өсдөг. Энэ жилийн хувьд орон нутагт малын халдварт өвчин дэгдсэн нь махны үнийн өсөлт улирлын хандлагаасаа давж нэмэгдэхэд нөлөөлсөн. Орон нутаг дахь малын өвчлөл өнөөдөр ч намжаагүй байгаа бөгөөд энэ нь махны үнийг хөөрөгдөх үндсэн шалтгаан болж мэднэ. Түүнчлэн БНХАУ-ын хилийн хязгаарлалтаас шалтгаалан нийлүүлэлт саатсан нь импортын хүнсний ногоо болон бусад хүнсний үнэ өсөхөд нөлөөлж, үүнийг дагаад дотоодын хүнсний үнийн өсөлт мөн өмнөхөөс нэмэгдэх төлөвтэй байгааг Монголбанкны шинжээчид онцолсон юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>