Баяр наадмын тухай хууль маргаан дагуулав
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Нэмэлт, өөрчлөлтөөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага бөх, сурын харваачид шинжилгээ хийх, улмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол баяр наадамд оролцох эрхийг хасахаар тодорхой тусгаад байна. Мөн 2025 оны зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох заалт багтжээ. Түүнчлэн унаач хүүхдийн насыг найм ба түүнээс дээш гэж өөрчлөх саналыг гишүүд дэмжээд байна.
Чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Баяр наадмын тухай хууль батлагдсаны дараа буюу долдугаар сарын 1-нээс өмнө дагалдах 10 гаруй журмыг батлах ёстой. Тиймээс хуулийн төслийг яаравчлах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Гэвч чуулганы танхимд хуулийн төсөлтэй холбоотой маргаан нэлээд хүчтэй өрнөж, хуулийн төслийг баталсангүй, чуулган завсарлав.



