Г.Амартүвшин: Би тухайн үед ТУЗ-ийн гишүүдийг таньдаггүй, төрд ажилладаг хүмүүсийг ч мэддэггүй байсан
Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдүүлэг өгөв.
Тэрбээр " Х.Ганхуяг гишүүн өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгуулах гэж надад хандаад, би шийдвэр гаргах бүх хүмүүст нөлөөлөөд, "базсан" зүйл байхгүй. Энэ зээл зориулалтынхаа дагуу зарцуулдагсан нь хавтаст хэрэгт нотлогдсон.
УИХ-ын сонсгол дээр ч зориулалтын дагуу зарцуулсан гэж гарсан. ТУЗ-өөс "Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгохыг зөвшөөрсөн 80 дугаар тогтоолыг гаргуулсан гэж байгаа. Яг үнэндээ би тухайн үед ТУЗ-ийн гишүүдийг таньдаггүй, төрд ажилладаг хүмүүсийг ч мэддэггүй байсан. Сар болгон ТУЗ-ийн хурал болоход л ажлын шугамаар уулздаг байсан. Надад тийм шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны Дотоод хяналтын хэлтсийн захирал Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажлыг хавсран гүйцэтгэх эрхийг намайг хууль зөрчин гаргасан гэж байна. Гэтэл Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нь амралтаа авна гээд ажил үүргийг нь гүйцэтгэх шаардлагатай болоод манай Тамгын газраас төслийг нь бичиж өгөөд би гарын үсэг зурсан. Ер нь бол Дотоод хяналтын хэлтсийн захирал нь орлон гүйцэтгэх бүрэн эрхтэй. Энэ журмаар батлагдаж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, "Вертекс майнинг партнер” ХХК-ийн 69 тэрбумын зээл авсан. Хангалттай барьцаатай, үнэлгээтэй. Тэгээд ч зориулалтын дагуу зарцуулагдсан нь тус банкны зорилгод бүрэн нийцсэн. Эргээд харахад, хуулийн хэлтсийнхэн зөв л дүгнэлт гаргасан байна лээ.
Аливаа компани зээлийн эрсдэлийг бүрэн даах чадвартай байна уу гэдэгнь л чухал. Ковидын эрсдэлийг хэн ч таагаагүй. Тэрийг таах ч боломжгүй. Гэхдээ энэ компани зээлээ хугацаанаас нь өмнө төлөөд Хөгжлийн банкыг ямар ч эрсдэлгүй болгосон. Энийг л эрсдэл даах чадвар гэж байгаа юм.
Миний хувьд ямар нэгэн байдлаар энэ хэрэгт холбогдож буй залууст нөлөөлсөн, дарамталсан, шаардсан зүйлгүй. Шүүх бүрэлдэхүүн үнэн зөв дүгнэж, энэ хэрэгт холбогдсон миний бие болон бусад оролцогчдыг гэм буруугүйг тогтооно гэдэгт бүрэн итгэт байна” хэмээн ярив.
Гэхдээ олны зүгээс УИХ-ын гишүүн Х.ГАнхуяг, Г.Амартүвшин нарыг Хөгжлийн банкны эл хэрэгт холбоотой мэтээр ойлгосоор ирсэн байдаг.
https://erennews.mn/article/59773