"Чалко"-той хийсэн НУУЦ ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГЫГ ХЭН ҮҮРЭХ ВЭ?
Тамирдсан эдийн засагт маань дор хаяж дөрвөн тэрбум ам.доллар цутган сэхээнэ гэсэн найдлага төрүүлж байсан Таван толгойн гэрээ хэлэлцээр нэгэн нууц гэрээнээс болоод тас үсэрчээ. Манай "ухаалаг" улс төрчид Сү.Батболдын засаглалын үед Хятадын "Чалко" компанитай гэрээ хийж нүүрсээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр 350 сая ам.доллар зээлж "Эх орны хишиг" болгон хэдэн сарын турш иргэн бүртээ 21 мянган төгрөг тараасан болой. "Чалко"-гоос зээлсэн мөнгөнийхөө оронд нүүрсээ өгсөөр өр овоо дундарсан ч 150 сая ам.долларын өр үлдчихээд байгаа аж. Засгийн газар анх "Чалко"-той нүүрсээр эргүүлэн төлөх нөхцөлтай 350 сая ам.доллар зээлэх гэрээ хийж байхдаа давхар бас нэгэн зүйлд нууцаар гарын үсэг зурсан нь саяхан ил болсон байна.
Тодруулбал өрөө төлж дуусталаа Зүүн цанхиас олборлосон нүүрсээ "Чалко"-д 100 хувь нийлүүлнэ. Мөн өрөө төлж дуусгасан ч гэсэн дахиад таван жилийн турш олборлосон нүүрснийхээ 80 хувийг зөвхөн "Чалко"-д нийлүүлнэ хэмээн гар хөлийн үсгээ зураад зөвшөөрч орхисон байна. Зүүн Цанхийн ордыг арван жилийн хугацаагаар барьцаанд тавиад орхичихсон нь энэ. Одоо Таван Толгойд хөрөнгө оруулан хөдөлгөх гэж буй "Шинхуа энержи" болон Японы "Сумитоми" нэгдлийн хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр болгож авах 150 сая ам.долларыг "Чалко"-д төлөөд өрөө хаачихаж болно л доо.
Гэвч Зүүн Цанхи бол Таван толгойн ордын хамгийн шимтэй, их нөөцтэй хэсэг нь. "Шинхуа энержи", "Сумитоми" нэгдэл лав л "Чалко"-той хийсэн гэрээнээс болоод 2020 оныг хүртэл Зүүн Цанхийн нүүрсэнд гар хүрч чадахгүй болох шинжтэй. Яаж ч бодсон бусдын барьцаанд байгаа нүүрсний ордод хөрөнгө оруулахгүй шүү дээ. Ингээд Таван Толгойн гэрээ саатаж тасалдсан байна. Одоо манай эрх баригчид "Чалко"-той хэрхэн яаж учраа олох вэ хэмээн тархиа гашилгаж хоёр янзын хувилбар гаргаж ирээд байна. Нэг дэх нь "Чалко"-д үлдсэн өрөө төлөөд "Юуны чинь ахиад таван жилийн турш нүүрснийхээ 80 хувийг өгөх вэ?" гэж тас хөндлөн дайран гэрээгээ цуцалж орхих. Гэхдээ "Чалко" компани биднийг ийм арга хэрэглэж мэднэ хэмээн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч "Гэрээгээ биелүүлэхгүй байна" хэмээн Нью-Йоркийн арбитрын шүүхэд хандаж манай улс дор хаяж 100 тэрбум ам.долларын өрөнд унах болчихоод байна. Өөр нэг хувилбар нь "Чалко"-гийн нэхээд байгаа 150 сая ам.доллар дээр нэмж 50 сая ам.доллар "Шинхуа"-гаас авч тэдэнд өгөөд уг гэрээг нэг мөсөн хаах нэг арга байгаа аж. Хятадын мөнгө хятаддаа очно гэсэн үг. Гэхдээ энд бас нэг асуудал байгаа юм. Юу гэвэл "Чалко" өөрөө "Шинхуа" корпорацид 600 сая ам.долларын өртэй юмсанж. Тэгэхээр "Шинхуа", "Чалко"-д мөнгө өгсөн нэр зүүгээд нөгөө мөнгөө биднээс суутгаад авч болзошгүй юм байна. Монголын ард түмэнд ирэх ёстой 50 сая ам.доллар Хятад руу гараад явчихна гэсэн үг.
Аль ч талаас нь аваад үзсэн хятадуудад л ашигтай нөхцөл Таван толгойн Зүүн Цанхийн орд дээр үүсээд байна. Тиймээс энэхүү тэнэг гэрээг хийсэн хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тухайн үед ерөнхий сайд байсан Сү.Батболдын нэр гарцаагүй холбогдох нь тодорхой. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийг ч бас улс орны эдийн засгийг хохироосон хэрэгт татаж хариуцлага хүлээлгэх ёстой болов уу. Эс тэгвэл хувиа бодсон улс төрчид цаашид үүнээс илүү хор хөнөөлтэй гэрээнүүд хийж улс орноо өрөнд унагаасаар байх нь тодорхой.
НОЦТОЙ МЭДЭЭ