Оюутнууд төв талбайгаа угааж, шууданчид суулт хийж, малчид түймэрт өртсөн 7 хоног
"МОНГОЛ ШУУДАН”-ГИЙН АЖИЛЧИД ЭЭЛЖИЙН СУУЛТ ЗАРЛАВ
Төрийн өмчийн хорооны ээлжит томилгоог эсэргүүцэж Монгол шуудан төрийн өмчит компанийн ажилчид долоо хоногийн эхний өдрөөс эхлэн суулт зарлав. Тус компанийн захирал Батсайханыг хууль бусаар халсан гэж үзэн оронд нь мэргэжлийн бус хүнийг томилох гэж байна гэж тэд үзжээ.
Тус компанийн ажилчид "Шуудан улс төрийн албан тушаалын наймаа биш”, "ТУЗ-ийн гишүүдээс шууданчидтай уулзахыг шаардаж байна зэрэг лоозон барин өглөөний 08.00 цагаас эхлэн ээлж ээлжээр ТӨХ-ны дотно болон гадна суулт зарлан эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Түрүүчийн 7 хоног буюу 4 дүгээр сарын 10-ны баасан гарагт ТӨХ тогтоол гарган, "Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг ажлаас нь халах шийдвэр гаргасан юм. Харин уг шийдвэрийг хууль бус шийдвэр гэж ажилчид нь үзсэн тул ТӨХ-ны дотно гадна 7 хоног эсэргүүцлээ илэрхийллээ.
"Монгол шуудан” компани орон даяар салбар сүлжээтэй, 1000-аад ажилтантай, шуудангийн бүх үүргийг дангаар хариуцагч, төрийн өмчит хувьцаат компани. Гэтэл ТӨХ-ны тогтоол шуудангийн ажилтнуудын эрх ашиг болон энэ салбарын ирээдүйн хөгжил бодлогыг боомилсон алдаатай шийдвэр гэж ажилчид үзэн, Түр хороо байгуулжээ.Түр хороо өнгөрсөн баасан гарагт ажилчдаасаа гарын үсэг цуглуулан, 510 хүний гарын үсгийг өргөх бичгийн хамт УИХ, ЗГ болон ТӨХ-ны удирдлагуудад гардуулсан юм байна.
Тэдний суултын үр дүнд дээрх асуудлыг нааштайгаар шийдэж өгөхгүй бол тэд суултаа хэдий ч хүртэл үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдээд буй юм. Энэ хэргийг захиргааны хоёрдугаар шүүхэд гомдол гаргаж өгсөн байгаа юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт уг асуудлыг тодорхой шийдэлд хүргэж өгөхийг хүсэн өргөх бичгийг барьсан байна.
Одоогоор тэдний эсэргүүцлийн мэдэгдэлд нааштай хариу ирээгүй байгаа учраас тэдний тэмцэл ирэх 7 хоногт ч мөн үргэлжлэх бололтой. Компанийн ажилчдын хэлж буйгаар хэрэв энэ хууль бус шийдвэрээ цуцлахгүй бол төрийн өмчийн хорооны байрны өмнө өлсгөлөн зарлана гэдгээмэдэгдээд байна. Тиймээс ирэх даваа гарагт 07:30-09:00 цаг хүртэл эсэргүүцлээ илэрхийлж жагсахаар зөвшөөрөл авсан ба төв талбайн хоёр талын зам ба төв цэгт нь эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэв.
ЗҮҮН ГУРВАН АЙМГИЙГ ХАМАРСАН ТҮЙМЭР ГАЗАР АВЧ ТҮМЭНЦОГТ СУМ БҮХЭЛДЭЭ ШАТЛАА
Хахир хатуу өвөл дуусч урин дулааны цагтай золгож буй хэдий ч жил бүрийн хавар цас, зуд, салхи шуурга гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиох байдал сүүлийн жилүүдэд давтагдсаар байна. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээс удаах дараа 7 хоногтойгоо залгаж орсон цасны улмаас хөдөө орон нутгийн хэд хэдэн сумд цасанд дарагдан хоёр метр хунгарласан цасан дундаас амьд хураг, ишигнүүд майлалдан гарч ирэх зэрэг ноцтой байдал үүсэв. Хөдөөгийн тал хээр хурга ишиг хаа нэгтээ майлалдах чимээнээр малчид хүрзээ барин цасанд дарагдсан малаа хайж байв. Гэхдээ энэ цас зүүн аймгуудаар ороогүй аж.
Тэгвэл их цасны араас үргэлжлээд зүүн аймгуудыг хамарсан их түймэр гамшгийн хэмжээнд хүртлээ хүндрэв. Энэ сарын 13-ны өдөр буюу даваа гарагт Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг Чонот гэдэг газар хээрийн түймэр орж ирсэн юм. Улмаар салхины хүч 14-18 м/с, зарим үед 20 м/с хүртэл хүрч ширүүссэн нь дарин дээр давс нэмэхтэй адил нөөлөлж түймэр газар авав.
Улмаар Хэнтий аймгаас эхтэй түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу дайж тус аймгуудын айлын хоттой мал шатаж, сумын газар нутгийн 90 хувь түймэрт автсан зэрэг харамсалтай мэдээллүүд хөврөв.
ТҮЙМЭРТ ӨРТСӨН АЙЛУУДАД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАХЫГ УРИАЛЛАА
Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан тархсан Түймрийг унтраахаар 700 гаруй хүн ажиллаж байгаа. Түймрийн улмаас нутгийн иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуйгаа шатаж ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Иймд нутгийн иргэдэд туслах хандивын аянуудыг зохион байгуулж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр гарч буй нөхцөлд гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өгч нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан түймэрт өртөөд буй аймгийнханд туслахыг уриалсан.
НЭГ ХҮНИЙ ХАРИУЦЛАГАҮЙ ҮЙЛДЭЛ ЮУНД ХҮРГЭДГИЙГ ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ АНХААРУУЛЛАА
Бүхэл бүтэн хоёр аймаг дамнан эцэст нь нэг аймаг хуйхалсан толгодоор дүүрээд байгаа эл үйлдлийн цаана хэн буруутай вэ гэдэг асуултыг сошиал ертөнцөөр шуугьж хэргийн эзнийг шийтгэ "Чихийг нь огтол” гэсэн санал сэтгэдлүүд овоорч байна.
Түймрийн шалтгаан нь Баян-Овоогийн айлын гаднаас алдсан галаас үүдэлтэй аж. Галтай үнсээ унтраалгүй гаргаж асгасан нэгэн иргэний үйлдэл нь өргөн уудам нутгийг тэр чигт нь түймэрт сүйдэлчихлээ. Гал гарахад нөлөөлсөн ирэгнийг хуулийн хариуцлага хүлээлгэж, торгуулийн арга хэмжээ авахаар хуулинд заагдсан байдаг. Гэвч шатсан тал нутаг, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Ямар ч энэ хэрэг явдал нь байсан нэг хүний хариуцлагагүй алдаа юунд хүргэж болохыг хэн бүхэнд анхааруулан том сургамж болон үлдлээ.
Түймэрт олон тооны мал шатаж үхсэн гэсэн мэдээлэл байгаа хэдий ч одоогоор нарийн тоог гаргах боломжгүй байгаа юм. Хохирлын талаар албан ёсны дүгнэлт удахгүй гарах гэнэ.
Ийнхүү 250 мянган га нутаг дэвсгэр бүхий "Инээдэг хад”,"Арслан хад”, "Жамбалнавгийн агуй” болон төгөл ой зэрэг үзэсгэлэнт байгальтай, 80 орчим эмийн ургамал ургадаг Түмэнцогт сум үнс нурам болж, утаа, угаар айдас дунд тав хоногийг үдлээ.
ТҮМЭЦОГТ СУМАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЛАА
7 хоногийн эхэнд гарсан түймэр долоо хоногийн сүүлчээр хэр намдав?Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнхаан сумдад гарсан түмрийг цурманд оруулсан гэх мэдээллийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Харин Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг хараахан цурманд оруулж чадаагүй байгаа аж. Түмэнцогт суманд гарсан түймрийн тухайд газар нутгийнх нь 90 хувийг хамарч үндсэндээ шатах газаргүй болсон гэнэ.
Гурван суманд гарсан түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын хэлтсийнхнээс гадна Хэнтий, Багануур дүүргээс хүч нэмэгдүүлсэн. Орон нутгийн иргэдийг мөн дайчилж байгаа. Зарим байгууллагууд тав дахь хоног дээрээ түймрийг унтраахаар ажиллаж буй юм байна. Хээрийн түймрийн гол шалтгаан иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Мөн цурман дахь гал дахин асах, хил дамнан түймэр орж ирж буй, салхины хурд өндөр, тогтворгүй байгаа зэрэг нь үндсэн шалтгаан болж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар ОХУ-аас түймэр ирж байгаа дээр хүч тавин ажиллаж байна.
ГУРВАН ГАЗАР ТОМООХОН ХЭМЖЭЭНИЙ ТҮМЭРТЭЙ БАЙНА
Өнгөрсөн өвөл цас бага орсноос үүдэн 2015 оны 2 дугаар сарын 4-нд анхны түймэр гарчээ. Одоогоор улсын хэмжээнд 14 аймгийн 44 суманд, 77 түймэр асч байгаагаас 37 нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарч, нийт түймрийн 50 орчим хувь болоод байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гурван томоохон түймэр асч байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумд, Дорнод аймгийн Баян-Уул сумдад гурван том түймэр асч байгаа аж.
Сар гаруй үргэлжилж байгаа түймэрт хүний амь нас эрсдээгүй сайн боловч айл өрх орон гэргүй болж, олон мал, их хэмжээний газар нутаг, бэлчээр шатаж байна гээд цаашид үргэлжлэх магадлал өндөр байгаа юм байна.
4094 ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Хамгийн сүүлийн мэдээгээр Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар ОХУ-аас ирж буй түймрийг унтраахаар ажиллаж байна. Зүүн гурван аймагт гарч буй түймэр дээр эдгээр аймгуудаас гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, төр захиргааны байгууллага, иргэд ажиллаж байгаа юм.
Улсын хэмжээний байдлаар нийт түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас 950 алба хаагч, 86 автомашин, Хилийн цэргээс 246 алба хаагч, 15 автомашин, Цагдаагийн байгууллагаас 15 алба хаагч, орон нутгаас 2883 иргэн, 310 автомашин, 47 мотоцикль, нийт 4094 хүн, 418 машин тус тус дайчлагдан ажиллаж байна.
100 ОРЧИМ БУУДАЛ, ЧИНГИСИЙН ТАЛБАЙГ САВАНДАЖ УГААВ
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ хийгдэж байна. Монголын Үндэсний дээд сургуулийн 4000 оюутан, МОХ-той хамтран энэхүү их цэвэрлэгээнд нэгдээд буй юм. Тэд хотын төвийн автобусны 100 орчим буудал, Чингисийн талбайг угааж байна. Мөн Сэлбэ голыг цэвэрлэж байна. Жил бүрийн хавар намар их цэвэрлэгээг нийслэл даяар хийдэг ч Чингисийн талбайг саван бооктой усаар угааж, нойтон цэвэрлэгээ хийсэн нь урьд хожид байгаагүй үйл явдал байлаа.
Эх сурвалж: Ene.mn
С.Мөнх-Од