Оюутолгой: 2009 оны гэрээг огт хөндөөгүй гэв
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ.
Тэрээр "Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашиг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, улмаар төслөө үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх асуудлаа шийдэж, гарын үсэг зурлаа.
Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 тэрбум ам. долларын санхүүжилтийг татах болно. Оюутолгой компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэж, үйл ажиллагаандаа байнга мөрдөн ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялагийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгойн төслийн ТЭЗҮ-д туссан өгөөжийн харьцаа манай талд 53 хувиас дээш хадгалахыг албажууллаа.
Төлөвлөгөөний эхийг монголын тал анхнаас нь гардаж боловсруулсан бөгөөд санаачлага нь "Эрдэнэс Оюутолгой” компанийн талд байсан. Боловсруулах шатанд дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийг татан оролцуулсан. Төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ болон олон улсад түгээмэл мөрдөгддөг арилжааны гэрээний жишигтэй нийцүүлэн хянуулсан” гэдгийг хэллээ.
Ерөнхий сайд төлөвлөгөөний онцлогийг "Менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 6 хувиас бууруулж 4.5 хувьд, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 6 хувь байсныг 3 хувь болгож буурууллаа. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар, төсөл үргэлжлэх хугацаанаас шалтгаалж нийт 1 тэрбум хүртэлх ам,долларын бодит хэмнэлтийг Оюутолгой компанийн хувьд бий болгосон. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлүүлэхээр болж, олон сар үргэлжилсэн маргааны нэг гол сэдэвт нь цэг тавьж, өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлснээр төслийн хугацаанаас хамааран нэрлэсэн дүнгээр хамгийн багадаа 810 сая ам.долларын орлогыг баталгаажуулсан. Мөн зардлын хяналтыг сайжруулах үүднээс Монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлж, тус төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг болгон энэ шинэ бүтэц албажсан болно. Тус төслийн санхүүжилт нь Монголын талын эзэмших 34 хувь болон 2009 оны гэрээг огт хөндөхгүй гэсэн зарчмыг баримтлан ажиллаж, шинэ төлөвлөгөөгөөр далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлаа шийдлээ. Монголын талын 34 хувийг баталгаажуулж, далд уурхай ашиглалтад орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж нь баталгаажих юм. 2014 онд үүссэн татварын маргааныг олон улсын арбитрт очилгүйгээр шийдвэрлэхээр болж, 30 сая ам.долларын татварын актыг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1,2 тэрбум ам.доллар, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно гэж үзэж байна. Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд жил бүр 5 сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулж байхаар тохирлоо. Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгох бөгөөд худалдан авах, төсөл шалгаруулах үйл ажиллагаанд Монголын талын хяналтыг нэмэгдүүлсэн. Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа хөрөнгө оруулагч нь 30 хоногийн дотор Тавантолгойн цахилгаан станцын төслийн боломжит хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж өгөхөөр тохиролцлоо. Ингэснээр Тавантолгойн цахилгаан станцын том бүтээн байгуулалт явах боломжийг гаргаж өгсөн. Тавантолгойн цахилгаан станцын төсөлд зориулан цахилгаан худалдан авах гэрээ байгуулагдсанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэр эрчим хүчээ дотоодоос хангах нөхцөл бүрдэх юм. Мөн 2015 оны 9 дүгээр сар гэхэд Оюутолгой компани зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг боловсруулах үүрэг хүлээж, Монгол Улс өөрийн зэс хайлуулах үйлдвэртэй болсноор тус төслөөс манай талд оногдох өгөөж нь цаашид эрс өсөх юм” гэж тодотголоо.
Энэхүү төлөвлөгөө нь эрхзүйн үндэслэлийн хувьд УИХ-ын тогтоолуудыг баримталж ажиллах бөгөөд УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, 2015 оны 41 дүгээр тогтоолоор Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Монгол Улсын Ерөнхий сайд 2015 оны 25 дугаар захирамжаараа Оюутолгой төслийн хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, 94 дүгээр захирамжаар тус ажлын хэсгийн удирдамжийг баталсан юм. Ажлын хэсэг удирдамжийн дагуу хэлэлцээний явцыг тухай бүр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулж байсан бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийн үндэслэн Ерөнхий сайдын 2015 оны 99 дүгээр захирамжаар хувь нийлүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирлуудад олгосон.
Удирдамжийн биелэлтийг нягтлан үзсэний үндсэн дээр Ерөнхий сайд 123 тоот захирамж гаргаж, төлөвлөгөөг эцэслэн албажуулж, гарын үсэг зурахыг зөвшөөрсөн юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13, 15, тавдугаар сарын 15-ны өдрүүдийн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт болон тус ажлын хэсгийн явцын талаар хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргаж байсан юм” гэлээ.