Хууль зөрчсөн ломбардуудыг нэрлэлээ

965

-Ломбардууд хэд хэдэн хуулийг зөрчин иргэдийн эрхийг хохироодог болохыг ШӨХТГ-аас тогтоож, хууль зөрчсөн газруудыг зарлалаа-

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Барьцаалан зээлдүүлэх газруудын /ломбард/ үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй барьцаалан зээлдүүлэх газрыг хамруулжээ.

Мөн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдийн иргэдтэй байгуулсан зээлийн гэрээ, дотоод журам, цагдаагийн газрын дүгнэлт, тодорхойлолт, түрээсийн гэрээ, стандартчилал, хэмжил зүйн газрын гэрчилгээ зэргийг шалгаж дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Үүнд,

  • Барьцаалан зээлдүүлэх ихэнх газрууд нь 7-30 хоногийн хугацаанд 3,5-10 хувийн хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5-иас дээш хувиар алданги, торгууль тооцдог байна. Энэ нь Иргэний хуулийн "хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчсөн,
  • Барьцаалан зээлдүүлэх газрууд нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа Иргэний хуулийн "Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг зөрчиж хэрэглэгчдийг хохироодог байна.

Дээрх зөрчлүүд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн "Бараа ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж, Өрсөлдөөний тухай хуулийн "Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ. Ингээд хяналт шалгалтад хамрагдаж зөрчил гаргасан аж ахуй эрхлэгч нарт болон тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.

Мөн иргэн, үйлчлүүлэгч дээрх байдлаар эрхээ эдлэж чадаагүй гэж үзвэл ШӨХТГ-т гомдол гаргах боломжтой гэнэ.

Д.ЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>