Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг нээж, үг хэллээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм зочид гийчид ээ,
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт хоймроос наадамчин олон Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Сайн байцгаана уу!
Төрт ёсны уламжлал, их түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань ивээлт наран зуны эрхэм төгс цаг дор бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн эхэлж байна.
Монголын үндэсний их баяр наадам бол эртний түүхтэй монгол төр гурван цагийн хэлхээнд мөнх оршиж, мандан бадрах хувьтайг даянд дуурсгаж буй их ёслол юм. Монгол наадам бол тэнгэр хичнээн агуу, газар хичнээн уудам юм бээ гэдгийг хүмүүн төрөлхтөнд ухааруулж, дэглэм журам, энх амгалангаар дэлхийг засагласан монгол хүмүүний эрдэм билгүүн, хүлэг морьдынх нь эр шандсыг гайхуулсан үндэсний соёл, уламжлалын чуулган юм. Монгол наадам бол өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам зориг хайрладаг ундарга арвин булаг билээ.
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч, шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, үндэсний түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнан өвлөж, хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй хүн бүхэнд талархал илэрхийлье. Ажилч, хичээнгүй иргэдийн цаг наргүй хөдөрмөрийн үр шимээр улс Монгол маань улам улмаар урагшлан дэвжиж байна.
Монгол зоны түүх, соёл, уламжлал заншил, ухаарал бахархалын охь болсон наадам маань ийнхүү эхэлж байна. Монголын наадам өнөө дэлхийн наадам болжээ. Газрын хол, усны уртаас олон хэлийн зочид гийчид иржээ. Тэд Монгол наадмын гайхамшигийг манай цэнхэр гариг даяар түгээсээр байна. Сайн бүхэн, сайхан бүхэн улам цогцлох болтугай.
Хүчитний тэнхээ их, хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, харваачдын сэц мэргэн, зон олны маань сэтгэл тэнүүн сайхан наадахын бэлгэ ерөөл өргөж, дэлхийн монгол наадам дэнж дүүргэн эхэлж байгааг өндөр төрийн сүлд заларсан өргөөнөөс даяар олноо дуурсган зарлая.
Сайхан наадаарай.
Миний Монгол мөнх оршиг ээ.
Төрийн тэргүүн наадмын нээлтийг үг хэлээд, Монгол төрийн онгон шүтээн Их цагаан сүлдэд мөргөж, хүндэтгэл үзүүллээ. Наадамчин олон энэ ёслолын хүндэтгэн гурвантаа хурайлав.
Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар Төрийн их наадамд "Төрийн дуулал”-аа дууллаа.