“Лалын улс”-ыг хүчирхэгжүүлж буй 5 шалтгаан
Энэ оны зургадугаар сарын 9-ний өдрийн довтолгооноороо Иракийн цэргийн армийг бут ниргэж, улсдаа л томоохонд ордог Мосул хотыг эзэлсэн "Лалын улс” бүлэглэл өнгөрөгч долоо хоногоос дахин дайралтаа идэвхижүүлж, Курдуудын газар нутаг руу довтолж эхэлсэн билээ.
АНУ Иракийн шашны цөөнхүүдэд туслах амлалтаа ажил хэрэг болгох үүднээс гурван ч удаа цуврал цохилтыг агаараас хийгээд байна. Ерөнхийлөгч Барак Обама энэхүү цохилтыг "Үй олноор нь аймаглан устгах үйл ажиллагааны эсрэг хийж байгаа зайлшгүй арга хэмжээ” хэмээн нэрлэжээ.
Лалын улс энэ сарын 3-ны өдөр хоёр томоохон нефтийн орд газрыг эрхшээлдээ оруулсан бөгөөд Иракийн хамгийн том ус хадгалах даланг эзлэн авсан билээ. Энэ мэтээс үзвэл Лалын улс хүчирхэг мэт харагдах боловч үнэн хэрэгтээ дайчдын тоо харьцангуй бага юм. Зэвсэгт хүчний мэргэжилтнүүдийн үзэж байгаа Лалын улсын сүр хүчийг нэмэгдүүлж буй таван шалтгааныг дор өгүүлье.
Зэр зэвсэгийн ашиглалт
Лалын улс нь хяналтдаа авсан нутгийн дайчдын ашиглаж байсан танк, пуужингаас эхлээд бусад галт зэвсгийг ашигладаг. Хоёр сарын өмнө явуулсан дайралтын үед Иракийн цэргийн армийн орхин зугтаасан зэр зэвсгийн нөлөөгөөр Лалын улс улам хүчирхэгжсэн. Эдгээр зэвсгүүдийн ихэнх нь АНУ-д үйлдвэрлэгдсэн байдаг аж.
Сириэс хуримтлуулсан туршлага
Лалын улс эртнээс л Ирак дахь зарим нутгуудыг эзэмшдэг байсан. Гэхдээ энэ хүртэл нутаг дэвсгэрээ зэр зэвсгийн хүчээр өргөжүүлэх болсон нь хөрш зэргэлдээ оршдог Сири дэх иргэний дайны байдал нөлөөлсөн аж. "Сирид гурван жилийн хугацаанд үргэлжилсэн дайн Лалын улсын хувьд дасгал, сургуулилт болсон” гэж АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг Soufan Group хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ дурьдсан юм.
Тэмцлийн сонголт
Лалын улс нь маш нарийн аргатай байлдааныг сонгож ирсэн. Лалын улсыг дэмждэг суннитуудын газар нутаг болон чухал чухал дэд бүтэц, хамгаалалт султай байгууламж зэргүүд рүү голлог довтолдог. Мөн дайчиддаа аль болох хохирол амсуулахгүйгээр дайны стратеги боловсруулж, дотоод дахь эв нэгдлээ хамгаалж чаддаг.
Үр дүн бүхий суртал ухуулга
Лалын улс нь ямар ч эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр хотуудыг хяналтдаа авахын тулд "айдас”-ыг ашиглаж ирсэн. Тасалсан толгой, хэсэг хэсэг тасарсан цогцоснуудын зургийг цахим ертөнцөөр цацаж, дайснуудаа айлгах тактик баримталдаг. Үүний нэгэн жишээ нь, өнгөрөгч долоо хоногт Лалын улс Иракийн хойд этгээдийн Синжар хот руу довтолно гэж мэдэгдсэн даруй айж мэгдсэн иргэд тус хотыг орхин явсан юм.
Сул дорой өрсөлдөгч
Лалын улс хүчирхэгжиж буй хамгийн том шалтгаан нь дайсных нь хүч сул дорой байгаа явдал. Энэ нь курдуудтай хийсэн дайнаас тодорхой болсон. Курдуудын цэргийн хүчийг Ирактай харьцуулахад харьцангуй сайн боловч, хөнгөн зэвсэглэсэн явган цэргүүд байдаг нь тэдний сул тал болж байгаа юм.
Монголын мэдээ
Б.Даваахүү