Төрийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Өнөөдөр манай улсад төрийн өмч нь төр, аймаг, нийслэл, сум, дүүрэгт нийт 400 гаруй бие даасан өмчид хуваагдаж, өмчлөгч бүр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өмчөө бие даан захиран зарцуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан бөгөөд төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд төрийн өмчийг Засгийн газар өмчилж, УИХ-аас баталсан хуулийн дагуу захиран зарцуулдаг байх, аймаг, нийслэлийн төрийн өмчийг зөвхөн эзэмших эрхтэй байх нь зүйд нийцэх болно.
Үүний тулд аймаг, нийслэл, сум, дүүрэг тусдаа өөрийн өмчтэй байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөн, төрийн өмчийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөх, төрийн өмчит компанийг байгуулах нөхцөл, шаардлагыг хуулиар тогтоох, төрийн өмчит компани байгуулсан бол түүний үйл ажиллагаанд дахь төрийн оролцоог дэлхийн бусад оронд хэрэглэдэг нийтлэг жишгийн дагуу зохицуулдаг болох шаардлагатай. Ийм үндэслэл шаардлагыг зохицуулах төрийн өмчийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хувьчлах эрх зөвхөн УИХ-д хадгалагдах бөгөөд УИХ-ын зөвшөөрснөөр Засгийн газар, Засгийн газрын зөвшөөрснөөр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал өөрчлөн байгуулах, хувьчлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ.